Хүүхэд, залуучуудын театрыг дахин байгуулна

Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд барьж буй дүүргийн Соёлын ордны барилгыг Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэлээ.

Хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөл бүрдүүлэх зэрэг зорилгоор дээрх шийдвэрийг гаргажээ.

Одоогоор барилгын ажил 65 хувьтай байгаа бөгөөд 2021 оны 12 сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

Тодруулбал, Хүүхэд, залуучуудад зориулсан драмын театрыг 1951 онд "Хүүхдийн төв театр" нэртэйгээр 13 жүжигчний бүрэлдэхүүнтэй байгуулсан түүхтэй.

1967 онд “Хүүхэд, залуучуудын театр” болгон өргөжүүлж, 1991 оноос театрын удирдлагыг менежментийн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлсэн.

1997 оноос төрд ногдох хувьцааг худалдах нөхцөлөөр хувьчилсан байна. Улмаар театр үйл ажиллагаагаа зогсоож, хүүхэд, залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих боломжгүй болоод байсан юм.