Хүүхдэд зориулсан уран бүтээлийн чанар, хүртээмжийг сайжруулах, үндэсний уран бүтээлийн тоо, урлагийн байгууллагаар үйлчлүүлэх хүүхдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Хүүхэлдэйн театр санаачлан “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн бодлого” цахим зөвлөгөөнийг зохион байгуулав.
Энэ удаагийн зөвлөгөөнд Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театр, Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” театр, Дархан-уул аймгийн Залуучууд театр, Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театр, Өмнөговь аймгийн “Мазаалай” хүүхдийн оролцооны театр, Олон Улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор, “Номадик балет” продакшн, “Монголын хүүхдийн үндэсний кино академи” зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцон өөрсдийн туршлага, ололт амжилтыг харилцан солилцлоо.
Зөвлөгөөний хүрээнд хүүхдийн уран бүтээлийн бодлого, “Бүх нийтийн соёлын боловсрол” үндэсний арга хэмжээний төсөл танилцуулах, хүүхдийн уран бүтээлийн олон улсын жишиг, хүүхдэд зориулсан уран бүтээлийн бодлогын хэрэгжилт зэрэг сэдвийн хүрээнд ярилцав. Мөн Хүүхэлдэйн театрын уран бүтээлийн Франчайзинг нэвтрүүлэх арга зүй, жүжгийн уран бүтээл, медиа салбарыг хамтад нь хөгжүүлэх, олон улсын хүүхдийн театруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бололцооны талаар харилцан ярилцаж зөвлөмж гаргалаа.
Энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулсанаар төв, орон нутгийн театруудын хамтын ажиллагаа сайжирч, орон нутгийн театрт Хүүхэлдэйн театрын уран бүтээлийн Франчайзингийг идэвхжүүлж, бүс, нутгийн онцлогоо түгээн дэлгэрүүлэх, үндэсний агуулга бүхий хүүхдийн уран бүтээлээр театрын урын сан баяжих ач холбогдолтой.
Түүнчлэн уран бүтээлийг дижитал хэлбэрт хувиргаснаар хүртээмж сайжирч, тусгай хэрэгцээт хүүхэд, иргэдэд түгээх боломжууд нэмэгдэхээс гадна салбарын хамтын ажиллагааг олон улс, үндэсний хэмжээнд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай холбох, хамтын ажиллагааг эхлүүлэх боломж бүрдэх юм.