Г.Энхбат: Иргэд соёлын өвийг хамгаалах мэдлэггүйн улмаас сүү өргөж, хадгаар боож гэмтээдэг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбатаас дараах тодруулгыг авлаа.

-Монголчуудын өв соёл гэж юу вэ. Та соёлын өвийг хэрхэн хадгалах талаар товч дурдахгүй юу?
-Монгол Улсын газар нутагт амьдарч байгаа угсаантны бүлгүүд, олон мянган жилийн өмнө бий болсон төрт улсуудын түүхүүд, эрт дээр үед амьдарч байсан овог аймгийн дурсгалууд зэрэг энэ түүхийн ул мөр үлдсэн газар амьдарч байгаа гэдгээрээ бахархаж, түүхээ судалж, яаж хамгалах тухай цогц бодлогыг олон талт хамтын ажиллагааны хүрээнд хийх учиртай. Соёлын өвийг хамгаалах хуулиар аймаг орон нутгийн захиргаа хамгаалах үүрэгтэй. Мөн мэргэжлийн байгууллагууд тухайн жилийнхээ үр дүнгийн гэрээндээ яаж ажиллах тухайгаа тусгах хэрэгтэй. Судалгааны байгууллагууд судалгаа хийнэ, харин музейд олдворуудаа тавина. Уул уурхай болон нийгмийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, газар зохион байгуулалт зэрэг олон хамтын ажиллагааны хүрээн соёлын өвийг хамгаална. Зөвхөн соёлын яам болон түүх, архелогичдын ажил биш юм.

-Иргэд олон нийт соёлын өвийг хамгаалахад хэрхэн оролцох вэ. Дурсгалт эд өлгий, өвийг гэмтээдэг иргэдийн болчимгүй үйлдлүүдийг нэрлэвэл?
-Иргэд соёлын өвийг хамгаалах мэдлэг ойлголттой байх чухал. Тухайлбал аялж зугаалахдаа хад, дурсгалт газруудад нэр усаа бичихгүй байх, шинэ олвор илрүүллээ гэхэд цагдаагийн байгууллагад мэдээлдэг байх зэргээр хамтарч ажиллаж болно.

Иргэд санаатай гэмтээхээс илүү мэдлэггүйн улмаас соёлын өвийг гэмтээдэг. Байгаль орчноо аргадаж байна гээд сүү, цагаан идээ өргөдөг. Энэ нь тос өөх болгож, ялзрах зэргээр дурсгалдаа сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс иргэд өв соёлын тухай зохих хэмжээний боловсролтой байх учиртай юм. Үүнийг албан болон албан бус боловсролоор зэрэг олгох хэрэгтэй. Малчид, газар тариаланчид, уул уурхай олборлогчид зэрэг зорилтот бүлгийнхэнд ямар боловсрол олгох тухай хөтөлбөр боловсруулан музейгээр дамжуулан хийж болно. Мөн төрийн бус байгууллагууд ч идэвхтэй оролцдог.

-Та хүүхэд залууст бидний бахархах ёстой соёлын өвүүдээс дурдаж өгөхгүй юу?
Монгол бичгээр бичсэн бүхэл бүтэн яруу найраг болох Цогтын хадны бичээс бол бидний бахархлын нэг. Мөн 13-р зууны үеийн хүн чулуунууд байна. Энэ нь Чингисийн дараагийн үеийн хаадуудын баримал, дүр юм. Монгол орон буган чулуун хөшөө, хадны зургаараа бусад орноос баялаг гэдгийг хүүхэд, залуучууд мэдээсэй. АНУ-ын буцалтгүй тусламжаар авсан халдаг ширээ бий. Цэврүүтсэн зургийг космемик хагалгаа хийж сэргээн засварладаг. Энэ жил бид 150-200 орчим зургийг сэргээсэн. 1500 жилийн өмнөх гэхэд маш сайн хадгалагдсан адууны олдвор буюу ховор дурсгал олдсон. Учир нь хадны завсар хадгалагдаж байсан учир маш сайн консерваци. Газрын хөрсөнд байсан бол бутарчих байсан. Ген, цусны бүлгээр нь судлаад жороо морь байжээ гэж үзэж буй. Математикийн болон биологийн хүрээлэн зэрэг шинжлэх ухааны байгууллагуудтай бид хамтарч ажиллаж байна. Гутал эмээл зэрэг нь иж бүрнээрээ олдсон.

-Төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?
-Бид олон нийтэд бүтээгдэхүүн болгож хүргэхэд анхаарч байна. Цахим, кино, номоор дамжуулж яаж хүргэх ажлуудыг түлхүү хийж байгаа юм. Соёлыг өвийг хамгаалах шинэ төвийг гурван сард ашиглалтад орууллаа. Ганц байгаа энэ байгуулагынхаа боловсон хүчнийг бэлтгэх нэн шаардлагатай байна. Түүнчлэн тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэйн дээр зөвхөн нийслэлд бус бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар бүсийн төвүүдэд соёлын өвийг хамгаалах салбаруудыг байгуулах чухал. Ингэхгүй бол бүх зүйл Улаанбаатарт төвлөрчихсөн тул орон нутагт очиж ажиллаж чадахгүй байна. Эдгээрийг бүтцийн хувьд бий болговол бололцоо их гэж бодож байна.