Соёлын сайд Ч.Номин Олон улсын музейн өдөрт мэндчилгээ дэвшүүллээ

Олон улсын музейн зөвлөл 1977 оноос эхлэн жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдрийг олон улсын музейн өдөр болгон тодорхой сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон билээ.

Олон улсын музейн зөвлөлөөс 2021 оны энэ өдрийг “Музейн ирээдүй: Сэргээе, шинээр төсөөлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ. Сүүлийн 2 жилд дэлхий дахины өмнө нүүрлэсэн Ковид-19 цар тахлаас шалтгаалсан хүндрэл бэрхшээлүүд музейн хөгжилд нөлөөлж, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарласан ч дэлхийн олон музей цахим сүлжээг ашиглан өөрсдийн музейг сурталчлан хүмүүст үйлчилсээр байсан. Энэ нь хүмүүсийн ирээдүйд итгэх итгэл найдварыг сэргээж, амьдрах урам зориг өгч, хөл хорионы үед мэдлэг боловсролоо дээшлүүлж хөгжихөд нь чухал үүрэг гүйцэтгэж байсныг тэмдэглэх нь зүйтэй. Манай улсын музейнүүд ч өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан ард иргэддээ музей, соёлын өвийг сурталчлах ажлыг цахим хэлбэрээр тасралтгүй зохион байгуулж байгаад талархаж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газраас музейн эдийн засаг, нийгэм, соёлын амьдралд үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж барилга байгууламжийг шинэчлэх, хүний нөөцийг чадавхжуулж музейн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлээр бодлогын шинжтэй арга хэмжээнүүдийг Монгол Улсын урт, дунд богино хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичигт тусган үе шаттай авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2021 оны 1 дүгээр сард Музейн тухай хууль батлагдсан, Чингис хаан музей, Байгалийн түүхийн музей, Монголын Үндэсний археологи угсаатны зүйн музей зэрэг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажил энэ цаг үед ид өрнөж байгаа бол орон нутгийн музейн барилгыг шинэчлэх ажил ч үргэлжилж байна.

Олон улсын музейн энэ өдрийг тохиолдуулан төрийн болон орон нутгийн музей, хувийн хэвшлийн музей, галерейн ажилтнууд Та бүхэндээ ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Музейн ирээдүйн хөгжлийг шинээр төсөөлж, хамтдаа бүтээцгээе.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, СОЁЛЫН САЙД Ч.НОМИН