Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:Гадаадад гарч болох соёлын бүх контентийг Засгийн газраас онцгойлон дэмжинэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй өглөөний уулзалт хийх үеэрээ хэлсэн үгийг хүргэж байна.

Тэрбээр хэлэхдээ “Сайн довтолгоо бол хамгаалалт гэдэг үгэнд би дуртай. Аливаа зүйлийг тэлж байж тэр нь өөрөө хамгаалагддаг. Өнөөдрийн уулзалт Монгол Улс өөрийн соёлоо олон улсад илүү таниулах гэж хичээсэн, эдийн засгийн болон соёлын шинэ хуудас байгаасай гэж хүсэж байна. Соёл бол бүх зүйл, аялал жуулчлал, инноваци, боловсрол юм. Сүүлийн жилүүдэд маркетинг дээр суурилсан соёл нэлээн давамгайлсан. Одоо бид түгээн дэлгэрүүлэх тал дээрээ анхаарах хэрэгтэй. Манай ээж аав, ах бүгд урлагийн хүмүүс гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх.

Урлагаар дэлхийн хэмжээний оддын түвшинд амьдрах тийм ч амар биш. Тиймээс төр, хувийн хэвшил, уран бүтээлчид хамтарсан нэг стратегитай байх ёстой. Энэхүү агуулгыг Соёлын сайд Ч.Номинд даатгасан минь ч учиртай. Өөрийнхөө хүсэж мөрөөдөж, харж байгаа зүйлээ хийх боломжийг нь олгох нь зүйтэй. Өнөөдөр соёлын салбарын баялаг бүтээгчидтэй уулзаж, ярилцаж байгаадай баяртай байна. Соёлын салбарыг орлого олдог салбар байгаасай хэмээн уулзалтад Сангийн сайдыг ч урилаа. "The Hu" хамтлагийн хэмнэлийг хэрхэн илүү бодлогоор гаргаж ирэх вэ. Тэдэн шиг 10 инфлүсерүүдийг гаргаж ирэн, Монгол соёлыг түрж гаргах нь бидний гол зорилго. Үүнийг бүтээлч үйлдвэрлэл хэмээн нэрлэж байгаа юм.

"Марко Поло" кинонд монголчуудын тухай өгүүлсэнд нь бид талархах ёстой. Тус киноны гуравдугаар бүлгийг яагаад Монголд хийх саналыг тавьж, татвараас хөнгөлж болохгүй гэж. Бид Netflix дээр яагаад өөрсдийн контент байрлуулж болохгүй гэж. БНСУ-ын олон ангит кинонуудыг байршуулж үзэгчдэд хүрч байна. Монгол улсын соёлын бүтээлч салбарт 3360 орчим ААН ажиллаж байгаа ба энэ нь нийт ААН-ийн 3,4 хувийг бүрдүүлж байна.

Гадаадад гарч болох соёлын бүх контентийг Засгийн газраас онцгойлон дэмжинэ. Үүнийг эдийн засаг гэж үзье. Мэдээж бид дотооддоо хийх нь зөв, үүнийг та бүхэн чадаж байгаа. Гэхдээ гадаадад экспортлоход хөгжлийн банк, бусад эх үүсвэр, бонд гаргах, төсвийн дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагаа өрнүүлэхэд тань дэмжье. Жишээ нь Netflix-тэй холбогдохыг хүсэж байгаа кино салбарынхан байна. Дэлхийн хамгийн том арга хэмжээнд та хэдийг аваад очъё, бүтээлч үйлдвэрлэлийн уулзалтад соёлын сайдыг явуулъя, шаардлагатай бол ерөнхий сайдын айлчлал хийе. Томоохон арга хэмжээ, кино хийх бол татварыг хөнгөлөх эрхзүйн орчныг бүрдүүлье. Соёлын бүтээлч орчныг бүрдүүлэх эрх зүйн орчин гэсэн үг. Монголд кино бүтээх амар байдаг нөхцөлийг бүрдүүлнэ. Эго байдлаа татаад, нэгнээ үгүйсгэхгүй хамтран ажиллацгаая. Засгийн газрын хувьд эс үйлдэл хийхгүй. Маш бүтээлч байх болно. Та бүхэн нэг алхах бол би хоёр алхахыг эрмэлзэж ажиллах болно. Уул уурхайн салбартай дүйцэхүйц хэмжээний орлого оруулдаг, эдийн засгийн нөлөө бүхий соёлын салбарыг бий болгохын төлөө хамтран ажиллая.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Соёлын өвийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцсаны дараа соёлын бүтээлч үйлдвэрлэлийн төлөөлөлтэй санал бодлоо хуваалцав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын төгсгөлд хэлэхдээ “2024 он хүртэл хийх зорилтуудыг дэвшүүллээ.

-“2024 он хүртэл Холливудын нэг киног монголдоо хийх зорилго тавья.

Үүнд: Соёлын яам, Гадаад Харилцааны яам, Сангийн яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам гэх зэргээр шаардлагатай бүтцүүд нь оролцоод ажиллая. Төр хувийн хэвшил хамтраад ажиллацгаая. Зураг төслөө бэлдчихвэл төсөв өргөн баригдахаас өмнө тооцооллоо гарган 2022 оны Улсын төсөвт эхлэлийн хөрөнгөө суулгах боломжтой.

-Хууль эрх зүйн орчноо бүрдүүлцгээе. Татвар, давхар даатгал гэх мэт асуудлуудаа Хууль зүйн яамтай ярилцаад шийдэх боломжтой. Ажлын хэсгийг Соёлын сайд ахалж, салбарын төлөөллөө багтаан ажиллах хэрэгтэй. Би Соёлын сайдыг Монгол-Америкийн Засгийн газрын комиссын даргаар томилох гэж байгаа. Удахгүй албажих болно. Энэ нь Холливуд гэх зэрэг олон талтай харилцах гол цонх нь болох юм.-Бидний тавих дараагийн зорилго нь 2024 он хүртэл Netflex дээр таваас доошгүй контент хийе. Дотоодын үзэгчид төдийлөн сайн мэдэхгүй ч гадаадын мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан кинонуудаа оруулъя эсвэл гадны компанитай хамтраад кино хийе. Нэг том киноны багахан хэсэг нь ч монголд хийгдсэн байж болно. "Галзуу хурд" киноны нэг давхилт нь монголын говьд хийгдэж болно. Энэ нь том зүйл юм. Бага багаар ахих хэрэгтэй. Засгийн газраас дэмжих болно.

-Ардын хувьсгалын 101-н жилийн ойгоор баяр наадмаа дэлхийд сурталчилсан том арга хэмжээг монголдоо хийе. Үүнд бэлтгэе. Монгол Улсын төрт ёсны бахархал, нүүдэлчин ахуй зэрэг өв соёлоо нарийн гаргасан “Наадам” хэмээх контентыг хийе. Энэ гурван зорилтыг тавья" гэлээ.