Соёлын сайд Ч.Номин, Тайландын Хаант Улсын Соёлын сайд Иттипол Күнплөмтэй 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр цахим уулзалт хийлээ.
Уулзалтад Монгол Улсын Соёлын яамны төлөөлөл, Тайландын Соёлын яамны төлөөллөөс гадна Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайд А.Төмөр, Бээжин дэх Тайландын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Бенжамин Суканжанажтий нар оролцлоо. Соёлын сайд Ч.Номин Монгол, Тайландын соёл, урлагийн найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Иттипол Күнплөм сайд болон Тайландын Хаант Улсын Соёлын яамтай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Хоёр орны соёлын сайд нар Монгол Улсын Засгийн газар, Тайландын Хаант Улсын Засгийн газар хооронд 2006 онд байгуулсан Соёлын хэлэлцээрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, хэлэлцээрийн хүрээнд харилцан соёл, урлагийн арга хэмжээ, наадам зохион байгуулах, кино болон урлагийн фестивальд уран бүтээлчдийн оролцоог хангах, харилцан үзэсгэлэн зохион байгуулах, соёлын өв, түүхийн дурсгалт зүйлсийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах чиглэлээр мэргэжилтэн солилцоход талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа тэмдэглэв. Хөгжүүлж буй харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулахад илүү уялдаатай, нягт хамтран ажиллахаа талууд илэрхийлэв.
Түүнчлэн Соёлын сайд Ч.Номин Тайландын Хаант Улсын Соёлын сайд Иттипол Күнплөмд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх урилга хүргүүлсэн байгааг дурдаж Монгол Улсад тохиромжтой цагтаа айлчлахыг хүсэв. Тайландын Хаант Улсын Соёлын сайд Иттипол Күнплөм Ковид-19 цар тахлын хорио цээрийн дэглэм буурах үед Монгол Улсад айлчлахад бэлэн байгаагаа мэдэгдэж, товыг жич тохирохоо илэрхийлсний сацуу Соёлын сайд Ч.Номинг мөн Тайландын Хаант Улсад урив.