Соёлын сайд Ч.Номин тайзны урлагийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзахдаа Циркийн урлагийн уран бүтээлчдэд тулгамдаж буй асуудлыг сонссон бөгөөд Монгол улсад циркийн урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэсэн саналыг дэмжсэн билээ.
Дээрхи саналын дагуу өнөөдөр Монголын циркчдийн холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Хатанбаатар, Гүйцэтгэх захирал Ж.Сувд, гишүүн Н.Дашдэндэв нар Монгол Улсад циркийн урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний талаар Соёлын яамны холбогдох албан тушаалтнуудтай санал солилцлоо.
Ойн арга хэмжээний хүрээнд циркийн урлагийг үндэсний хэмжээнд сурталчлах, циркийн урлагийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг нэмэгдүүлэхэд талуудын бодлого, хамтын ажиллагааг сайжруулах, циркийн мэргэжлийн боловсон хүчнийг олон улсад сургах, мэргэшүүлэх, үндэсний хэмжээнд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд циркийн урлагийн ач холбогдол, хувь оролцоог таниулах чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөлөө.