Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 72 дугаар захирамжаар “Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн” шинэчлэгдэн байгуулагдаж, анхны хурлаа зохион байгуулав.
Соёлын яамнаас Үндэсний зөвлөлийн шинэчлэгдсэн бүрэлдэхүүний анхны хуралдааныг өнөөдөр цахимаар зохион байгуулж, Соёлын дэд сайд М.Батбаяр удирдан явууллаа. Хуралд нийт гишүүдийн 80 гаруй хувь идэвхтэй оролцож, АНУ болон Англи Улсад ажиллаж амьдарч байгаа гишүүдээс холбогдлоо.
Үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, орлогч даргаар Соёлын сайд Ч.Номин, нарийн бичгийн даргаар Соёлын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнбат болон Монголын Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, Гүрүмедиа” ХХК-ийн продюсер Ц.Ариунаа нар томилогдон ажиллахаар боллоо.
Өнөөдрийн хуралдаанаар Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн нийт гишүүдийг танилцуулж, гишүүддээ уг зөвлөлийн ажиллах журам, зөвлөлийн эрх, үүрэг болон үйл ажиллагааны чиглэлийн талаар танилцуулахын зэрэгцээ Үндэсний зөвлөлийн 2019-2020 оны төлөвлөгөө, түүний хэрэгжилт биелэлтийн дүнгийн талаар товч мэдээллээ.
Өнгөрсөн хугацаанд Соёл, урлагийн үндэсний зөвлөл нь “Монгол хүний үнэт зүйлийг тодорхойлох” эрхэм зорилгыг дэвшүүлж, энэ зорилгын хүрээнд 4 зорилт, 47 арга хэмжээг төлөвлөснөөс 78,4 хувийн биелэлттэй ажилласан байна.
Иймд Соёл, урлагийн үндэсний зөвлөл нь Соёлын яамнаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, салбарын эрх зүйн орчныг сайжруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэх замаар 2021-2022 онд ажиллах үйл ажиллагааны зорилго, зорилтоо тодорхойлон ажиллах талаар шинэчлэгдэн байгуулагдсан Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр байр сууриа илэрхийллээ.
Ерөнхий сайдын дэргэдэх Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн хурал боллоо
