Соёл, урлагийг дэмжих сангаас 2021 онд 722 санхүүжүүлэх төслийн санал хүлээн авлаа

Соёлын яамны Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн дарга Н.Мөнхзултай ярилцлаа

Соёл, урлагийг дэмжих сан хэзээ байгуулагдсан бэ? Энэ сангаас олон арван уран бүтээлчид дэмжлэг авдаг гэсэн энэ талаар товч мэдээлэл өгнө үү?

Соёл, урлагийг дэмжих сан нь анх 1995 онд “Соёл, урлагийг хөгжүүлэх сан” нэртэйгээр Засгийн газрын 74 дүгээр тогтоолоор байгуулагдсан. Байгуулагдсан цагаас өнөөг хүртэл олон арван төслийг санхүүжүүлж, соёл, урлагийн салбарын хөгжилд зохих хувь нэмрээ оруулсаар ирсэн. Сангийн санхүүжилтээр олон улсын тавцанд гарах гараагаа эхлүүлсэн олон арван төслүүдээс онцолбол “The Hu” хамтлаг, Пусаны 18 дахь удаагийн олон кино наадмын шинэ давлагаа уралдааны тэргүүн шагнал хүртсэн “Алсын удирдлага” кино, Каннын олон улсын кино наадамд сонгогдож оролцсон “Хэвтрийн хүн” кино юм. Түүнчлэн олон улсын хэмжээний уралдаан наадамд уран бүтээлчдийг оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлэх, СББӨ-ийн Нүүдэлчин Монгол наадам, Азийн ардын урлагийн их наадам зэрэг олон арга хэмжээнүүдийг зохион байгуулах, түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг сэргээн засварлах, соёлын өвийн улсын тооллогыг зохион байгуулах, шилдэг бүтээл туурвилыг хэвлүүлэх зэрэг олон зуун төслийг санхүүжүүлсэн байдаг.

Соёлын яамнаас 2021 оны Соёл, урлагийг дэмжих сангийн сонгон шалгаруулалтыг зарласан, энэ онд маш олон төсөл хүлээн авсан гэж сонслоо энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Соёлын яам 2021 оны Соёл, урлагийг дэмжих сангийн төслийн сонгон шалгаруулалтын зарыг 3 дугаар сарын 1-нээс 31- ний өдрүүдэд зарласан. Сүүлийн 3 жилд нийт 365 төслийн санал ирж байсан бол энэ жил тооцоолж байснаас хэд дахин их буюу 722 төслийн санал ирлээ.

Соёл, урлагийг дэмжих санд энэ онд ямар төрөл, сэдвээр төслийн сонгон шалгаруулалтыг зарласан бэ?

Энэ жил оролцогчид маань 8 төрөл, сэдвээр оролцож байгаа. Тухайлбал: Соёлын өвийг хадгалж хамгаалах, сурталчлах, түүх соёлын дурсгалыг соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, шинэ уран бүтээл туурвих, соёл, урлагийг гадаадад болон өөрийн оронд сурталчилсан дуу авиа бүхий дүрс бичлэг хийх, бүх нийтийн соёл, урлагийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ, Соёлын бүтээлч үйлдвэрлэл, үйлчилгээнд шилдэг санаа нэвтрүүлэх, бүтээгдэхүүн хөгжүүлэх, Монгол судлаач, эрдэмтдийн шилдэг бүтээлийг хэвлүүлэх, сурталчлах, мэргэжлийн ур чадварыг эзэмших, эзэмшүүлэх сургалт зохион байгуулах, хамрагдах, соёл судлал, соёл, урлагийн бодлогын судалгаа, зохиогчийн эрхэд суурилсан бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх судалгаа гэх мэт өргөн сэдвийг хамарч байгаа. Энэ жилийн төслийн төрөл, сэдвийн хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын инновац, монгол брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлтэд ач холбогдол өгч байгаа. “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”–ийн инновацийн үйл ажиллагааг сангаас дэмжиж, шинэ санаа, шинэ технологи турших, нэвтрүүлэхэд чиглэсэн болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, дотоод болон гадаад зах зээлээ тэлэхийг зорьсон, хувь хүн, нийгэм, эдийн засагт үр нөлөө үзүүлэх ач холбогдол бүхий төслийг санхүүжүүлнэ.

Соёл, урлагийг дэмжих санд төслөө өгөхөд ямар шаардлага тавьдаг вэ?

Соёл, урлагийг дэмжих сангийн үйл ажиллагаа Тусгай сангийн хууль болон ЗГ-ын тогтоолоор батлагдсан журмаар зохицуулагддаг. Хууль, журмын дагуу тавигдах ерөнхий шаардлагаас гадна төслийн уралдааны зар дээр тавигдсан шаардлагуудыг тавьдаг. Төсөл нь шинэлэг бөгөөд цаг үетэйгээ нийцсэн байх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ практикт хэрэглэх боломжтой байх, оюуны өмч болон зохиогчийн эрхийн зөрчилгүй байх, төслийн оролцогчдын аюулгүй байдлыг хангасан байх, тухайлбал COVID-19 цар тахлын үед хэрэгжих боломжтой байх гэх мэт.

Энэ жил Соёл, урлагийг дэмжих сангаас хувь хүнд төсөлд олгох санхүүжилтийн дээд хязгаар 30.000.000 төгрөг, хуулийн этгээдийн төсөлд олгох санхүүжилтийн дээд хязгаар 80.000.000 төгрөг байхаар тус тус тогтоосон.

Тэгвэл Соёлын яам энэ жил маш олон төсөл хүлээн авсан нь ямар нэгэн онцлог шалтгаан байгаа юу, төслийг хэзээ сонгон шалгаруулж дуусах вэ?

2017, 2018, 2019 онуудад нийт 365 төслийн санал хүлээн авч байсан бол энэ онд 722 төсөл буюу урьд жилүүдээс хэд дахин олон төсөл хүлээн авлаа. Энэ нь нэг талаасаа Монгол Улс 24 жилийн дараа бие даасан Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага “Соёлын яам”-тай болсноор соёлын асуудал бүх нийтийн анхаарлын төвд ирж, иргэдийн соёлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох хандлага нэмэгдсэн гэж үзэж болох, нөгөө талаас 2020 оноос хойш цар тахлын хүнд цаг үеийг туулж байгаа соёлын ажилтан, уран бүтээлчид, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа явуулахад санхүүжилт ихээхэн шаардлагатай байгааг илтгэж болох талтай юм.

Засгийн газрын 2020 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Соёл, урлагийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-д заасны дагуу төрийн болон олон нийтийн байгууллагын төлөөлөл бүхий 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, төслийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс сонгон шалгаруулалтад оролцогчдын тоо олноор нэмэгдсэн болон Ковид-19 цар тахлын үед халдвар хамгааллын дэглэм барьж ажиллах зэргээс шалтгаалан шалгаруулалтыг зохион байгуулахад цаг хугацаа нэлээдгүй зарцуулагдаж байгааг оролцогчид маань зөвөөр ойлгохыг хүсэж байна. Боломжит богино хугацаанд шударга, нээлттэй байх зарчмаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, мэдээллийг яамны www.moc.gov.mn цахим хуудсаар дамжуулан хүргэх болно.

Сонгон шалгаруулалтад оролцохоор төслөө ирүүлсэн Та бүхэнд баярлалаа.