Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 2.6.3.4, 2.6.3.5 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 168 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд орон нутгийн соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, төрийн албаны болон төсвийн шинэтгэлийн хүрээнд менежментийн шинэчлэлийг эхлүүлэх, мэргэжил, арга зүй удирдлагаар хангах зорилгоор Ажлын хэсэг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймагт ажиллалаа.
Ажлын хэсэг нь Соёлын яамны 2021-2024 оны стратегийн төлөвлөгөө, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 168 дугаар тогтоолоор батлагдсан “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" тогтоолын хэрэгжилт, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж, шилдэг туршлага, Сэлэнгэ аймгийн соёлын өвийн бүртгэл, хадгалалт хамгаалалт, музейн хөгжил, соёлын төв, ордны орчин ба үйлчилгээний жишиг стандартын төслийн талаар мэдээлэл өгч, арга зүйн зөвлөмж өгөв.
Энэ үеэр аймгийн Мандал сумын "Мөнгөн хараа" чуулга, номын сан, Алтанбулаг суман дахь аймгийн нэгдсэн музей, аймгийн "Сэлэнгийн долгио" чуулга, нийтийн номын сан, Жавхлант сумын Соёлын төвийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлага, мэргэжил арга зүйгээр ханган ажилласан юм.
Мөн Сэлэнгэ аймагт Соёлын хэлтсийг шинээр эмхлэн байгуулж байгаатай холбогдуулан шаардлагатай зарим компьютер, тоног төхөөрөмжийг гардуулав.
Түүнчлэн салбартаа олон жил, үр бүтээлтэй ажилласан аймгийн Нийтийн номын сангийн арга зүйч Н.Нарандалайг "Алтан гадас" одонгоор, салбартаа олон жил ажилласан соёлын ажилтнуудыг “Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан", Соёлын яамны "Жуух бичиг"-ээр шагналаа.
Ажлын хэсэгт Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, Монголын үндэсний музейн захирал Л.Жаргал, Улсын хүүхэлдэйн театрын дарга М.Отгончимэг, Соёл, Урлагийн сургуулийн сургалт хариуцсан дэд захирал Д.Одсүрэн, Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, Урлаг уран бүтээлийн газрын мэргэжилтэн Б.Ариунтунгалаг, зурагчин Ж.Баярмагнай нар ажиллав.