Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 2.6.3.4, 2.6.3.5 дахь заалт, Засгийн газрын 2021 оны 168 дугаар тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулах чиглэлээр орон нутгийн соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, төрийн албаны болон төсвийн шинэтгэлийн хүрээнд менежментийн шинэчлэлийг эхлүүлэх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор орон нутгийн 21 аймгаар ажиллах ажлын хэсгүүд байгуулагдан бүсчилсэн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм.
Энэ хүрээнд Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг 2021 оны 12 дугаар сарын 09-нөөс 14-ний өдрүүдэд Зүүн таван аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийн баг бүрэлдэхүүн өнөөдөр Говьсүмбэр аймагт ажиллалаа.
Тус аймгийн Засаг дарга Г.Батзам, Засаг даргын орлогч Б.Анхбаяр нартай соёл, урлагийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийхээр төлөвлөж буй ажил, арга хэмжээний талаар уулзалт зохион байгуулав.
Дуу бүжгийн Боржигин чуулгад “Соёл, урлагийн байгууллагын менежментийн чадавхыг бэхжүүлэх нь” уулзалт, хэлэлцүүлгийг хийж Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөө, Орон нутаг дахь соёлын бодлогын хэрэгжилт, Соёлын өвийн бодлого, хадгалалт, хамгаалалт, Урлаг-шинэ нөхцөлд “Говьсүмбэр аймаг дахь уран бүтээлийн бодлогын хэрэгжилт”, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг Музей болон соёлын өвд тулгуурлан хөгжүүлэх шилдэг туршлага, Соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулан хүүхдийг хөгжүүлэх боломж, бусад орны туршлага, Орон нутгийн залуучууд-Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлийн үйл ажиллагааны талаар танилцуулга, мэдээллийг хийлээ. Мөн Соёлын сайд аймгийн Засаг даргатай 2021 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилт, Орон нутгийн соёлын бодлого, соёлын онцлогийн талаарх илтгэлийг тус аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Уранцэцэг, Соёлын хэлтсийн дарга Б.Энхтөр нар танилцуулсан юм. Үүний дараа Дуу бүжгийн Боржигин чуулга, номын сан, “Боржигин өв” музейн үйл ажиллагаатай танилцан, нөхцөл байдлыг сонсож, чиглэл өгч ажиллав.
Говьсүмбэр аймагт шинээр байгуулагдсан Соёлын хэлтэст шаардлагатай зарим комьпютер, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Уулзалтын үеэр соёлын салбарт үр бүтээлтэй, он удаан жил ажиллаж буй Монголын Зохиолчдын Эвлэлийн ахмад гишүүн Р.Батжаргалыг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналаар шагнаж урамшуулсан юм.
Ажлын хэсэгт Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг, Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, Үндэсний музейн захирал Л.Жаргал, Хүүхэлдэйн театрын захирал М.Отгончимэг, Урлаг, уран бүтээлийн газрын мэргэжилтэн У.Одонтуяа нар ажиллалаа.