Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 2.6.3.4, 2.6.3.5 дахь заалт, Засгийн газрын 2021 оны 168 дугаар тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулах чиглэлэлээр орон нутгийн соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, төрийн албаны болон төсвийн шинэтгэлийн хүрээнд менежментийн шинэчлэлийг эхлүүлэх, мэргэжил, арга зүй удирдлагаар хангах зорилгоор Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгээр ахлуулсан ажлын хэсэг 2021 оны 12 дугаар сарын 10-11-ний өдөр Орхон аймагт ажиллалаа.
Уг ажлын хэсэгт Соёлын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Чимэдлхам, Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар, Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Монгол Улсын Төрийн соёрхолт Н.Наранбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажиллалаа.
Томилолтын хүрээнд аймгийн соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, Засгийн газрын 2020 оны 206, 217 дугаар тогтоол, 2021 оны 168 дугаар тогтоолын хэрэгжилт, Соёлын яамны 2021-2024 оны стратегийн төлөвлөгөө, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж, шилдэг туршлага, Орхон аймгийн соёлын өвийн бүртгэл, хадгалалт хамгаалалт, музейн хөгжил, соёлын төвийн жишиг стандартын төслийн талаар мэдээлэл өгч, мэргэжил арга зүйгээр хангав.
Түүнчлэн 2021 оны 12 дугаар сарын 11-ны өдөр Эрдэнэт хот байгуулагдсны 45 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Соёлын яамны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх, МУИС-ийн Антропологийн профессор, хэл бичгийн шинжлэх ухааны доктор Д.Бум-Очир, Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн тэргүүлэх профессор, хэл бичгийн шинжлэх ухааны доктор С.Дулам, Хөсөгтөн хамтлагийн бүрэлдэхүүнтэйгээр “Аялгуут лекц”-ийг “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичигт тусгагдсан Үндэсний нэгдмэл үнэт зүйлийн агуулгаар тус хотын иргэдэд хүргэж, түгээн дэлгэрүүллээ.
Мөн Орхон аймагт Соёлын хэлтсийг шинээр эмхлэн байгуулсантай холбогдуулан шаардлагатай зарим компьютер, тоног төхөөрөмжийг гардуулсны зэрэгцээ соёлын салбартаа үр бүтээлтэй ажилласан соёлын ажилтнууддаа Засгийн газрын шагнал “Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан”, “Тэргүүний ардын авьяастан”, Соёлын яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнаж урамшуулав.