Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч нарыг шагнаж урамшууллаа

Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллалаа. Ажлын хэсэг аймгийн удирлагуудтай уулзан “Соёл, урлагийн байгууллагын менежментийн чадавхыг бэхжүүлэх нь” бүсчилсэн уулзалт, хэлэлцүүлгийг Дорнод аймгийн Засаг даргын тамгын газарт зохион байгуулав.

Уулзалт, хэлэлцүүлэгт Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөө, Орон нутаг дахь соёлын бодлогын хэрэгжилт, Соёлын өвийн бодлого, хадгалалт, хамгаалалт, Урлаг-шинэ нөхцөлд “Дорнод аймаг дахь уран бүтээлийн бодлогын хэрэгжилт”, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг Музей болон соёлын өвд тулгуурлан хөгжүүлэх шилдэг туршлага, Соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулан хүүхдийг хөгжүүлэх боломж, бусад орны туршлага, Орон нутгийн залуучууд–Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлийн үйл ажиллагааны талаар танилцуулга, мэдээллийг хийж, аймгийн Хөгжимт драмын театр, Музей, Номын сангийн үйл ажиллагаатай танилцан удирдлага, мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа.

Мөн Дорнод аймагт Соёлын хэлтсийг шинээр эмхлэн байгуулж байгаатай холбогдуулан шаардлагатай зарим комьпютер, тоног төхөөрөмжийг гардуулсны зэрэгцээ соёлын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Л.Буджав, З.Үржинсүрэн нарыг “Соёлын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнаж урамшуулав.