“Монгол туургатны өв соёл” үзэсгэлэнгийн шилдгүүдэд шагнал гардууллаа

Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд Соёлын яамнаас Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвтэй хамтран “Монгол туургатны өв соёл” олон улсын хүүхдийн уран бүтээлийн наадмын үзэсгэлэнгийн нээлт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн “Орд арт” галерейд өнөөдөр боллоо.

“Монгол туургатны өв соёл” олон улсын хүүхдийн уран бүтээлийн наадамд Монгол Улс, ОХУын Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Халимаг Улс, Бүгд Найрамдах Тува Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хүүхэд багачууд оролцов.

Энэхүү арга хэмжээ нь Монгол туургатны түүх, өв соёл, зан заншлыг түгээн дэлгэрүүлэх, Олон улсын хүүхэд багачуудын авьяас чадварыг сурталчлах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэж байгаа юм.

“Монгол туургатны өв соёл” олон улсын хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг, Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн захирал Д.Уранбилэг нар оролцож, шилдэг бүтээлүүдийн шагналыг гардууллаа. Тус наадамд олон улсаас уран бүтээлээрээ оролцсон 243 хүүхдэд талархал илгээлээ.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд “Бяцхан мисс” Олон Улсын хүүхдийн байгууллагын авьяаслаг хүүхдүүд монгол үндэсний хувцас загварын үзүүлбэр, урлагийн тоглолт сонирхууллаа.

Цар тахлын нөхцөл байдлаас хамааран үзэсгэлэнд олон улсаас оролцсон хүүхэд багачууд уран бүтээлээ цахимаар илгээж мөн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд болон Архангай Өвөрхангай, Дорнод, Завхан, Увс, Хөвсгөл, Ховд, Дархан-Уул, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь аймгаас хүүхдүүд идэвхтэй оролцов.

Тус наадамд хүүхдүүд үндэсний дээл хувцсаараа гоёж, уламжлалт шагайн наадгайгаараа наадаж, Монгол ёс заншлаараа бахархан нэг өдрийг өнгөрүүллээ.