Соёлын яам, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “Эцэг эхийн зөвлөл”-ийн анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнийг иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, хүүхдийг соёл урлагаар дамжуулан нийгэмшүүлэх, ахуйн соёл, хамтдаа амьдрахуйд сургах, эцэг эхчүүдийн хүүхдийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн анхдагч соёлын орчинг бий болгох, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор зохион байгуулсан юм.
Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Нийслэлийн ИТХ-ын дарга, нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба, Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг болон соёлын салбарын 150, нийслэлийн байгууллагуудын 450 гаруй “Эцэг эхийн зөвлөл”-ийн гишүүд оролцлоо.
Эцэг эхийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөнөөс хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага, хамт олон байхад анхаарч, хүүхэд, гэр бүлтэй холбоотой аливаа зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргалаа. Уг зөвлөмжид гэмт хэргийг эрх бүхий байгууллагад мэдээлэх соёлд төлөвшүүлэх, ажилтан, албан хаагчдыг хүүхэдтэйгээ хамт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх, хүүхдийнхээ сурлага, сурч буй орчинтой танилцан, хариуцан ажиллаж буй багш, удирдлагуудтай уулзах боломжийг бүрдүүлэх талаар тусгаад байна.