“Mongolian library update” номын санч-мэдээллийн ажилтнуудын улсын зөвлөгөөн боллоо

Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой, Соёлын бүтээлч сарыг тохиолдуулан жил бүр уламжлал болон зохиогддог “Mongolian library update” номын санч-мэдээллийн ажилтнуудын улсын зөвлөгөөн VIII дах удаагаа Монгол Улсын Соёлын яамны дэмжлэгтэйгээр өнөөдөр зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөний үеэр өмнөх жилийн “Mongolian library update” зөвлөгөөний үр дүн, түүний мөрөөр Соёлын яам болон номын сангийн салбарынхны хамтран боловсруулсан номын сангийн хөгжлийн зураглал, урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн тухай танилцуулга, мэдээлэл хийгдсэн бөгөөд хүн төвт хөгжил, Ковид-19-ийн үе дэх номын сангийн үйлчилгээ, нийтийн номын сангийн үйлчилгээний хүртээмж, номын сангийн цахим шилжилт, дижитал номын сангийн одоо ба ирээдүй зэрэг сэдвүүдээр дотоод, гадаад орноос номын сангийн салбарын мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүллээ.

Үүний дараагаар “хэрэглэгч төвтэй үйлчилгээ”, “түншлэл хамтын ажиллагаа хөгжүүлэх нь”, “салбарын үнэлэмж, чадавхийг сайжруулах”, “үндэсний оюуны өв санг бүрдүүлэх, хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх”, “цахим шилжилт” гэх мэт сэдвүүдээр хэлэлцүүлэг явагдаж, санал боловсруулан, зөвлөмж танилцуулсан юм.

Мөн үеэр Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулсан эссэ бичлэгийн уралдааны шагналыг гардууллаа.

Уг зөвлөгөөнийг Монголын номын сангуудын консорциум, Монгол Улсын Үндэсний номын сан, Удирдлагын академи, МУБИС-ийн номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан хамтран “Сэрж санах ТҮҮХ, сэтгэл ариусгах УРЛАГ, хүмүүнийг гэгээрүүлэх СОЁЛ” уриан дор зохион байгуулав.