“Монголын номын сан-100 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100-н жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо.

1921 онд Монгол Улсад бүх нийтэд үйлчлэх анхны орчин үеийн номын сангийн үүд хаалга нээгдэж, 100-н жилийн түүхэн хугацаанд нийтийн болон төрөлжсөн номын сангууд олноор байгуулагдан соёлын үйлчилгээний хүрээ хүртээмжийг нэмэгдүүлэх, ард иргэдэд мэдлэг мэдээллийг түгээх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар иржээ.

Энэхүү хурлыг нээн Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг хэлсэн үгэндээ, “Ардын хувьсгалтай энэ чацуу орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье!

Монгол Улсын Засгийн газар энэхүү түүхэн ойд ач холбогдол өгч 2020 оны 250 дугаар тогтоолоор “Орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жилийн ой”-г тэмдэглэх түүхэн шийдвэр гаргасан юм.

Тэртээ 100 жилийн өмнө ардын хувьсгал ялж, монголчуудын өмнө хүн төрөлхтний соёл иргэншилтэй танилцах үүд хаалгыг нээсэн орчин цагийн номын сангийн суурь тавигдаж байсан бол өдгөө өнөр олуулаа болж 1500 гаруй номын сан улс орон даяар хүн ардад ном, мэдээллээр үйлчлэх, соён гэгээрүүлэх үйлсийг дэлгэрүүлэх үүргийг нэр төртэй биелүүлж байна.

Соёлын сайд төв, орон нутаг, бүх шатны боловсролын байгууллагын болон бусад номын сан, нийт уншигчдыг хамарсан нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг баталсны нэг ажил болох “Монголын номын сан-100 жилд” олон улсын эрдэм шинжилгээний хурлаар орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын арга хэмжээ эхэлж байгаад баяртай байна.

Түүхэн тэгш ой тохиож буй энэ долоо хоногт монголын номын санчдын улсын 8 дугаар зөвлөгөөн, баярын хүндэтгэлийн хурал, “Хүртээмжтэй номын сан” өдөрлөг, “Хүүхэд-ном” экспо, номын сангийн гурван үеийн уулзалт зэрэг олон арга хэмжээг цахим болон танхимаар орон даяар зохион байгуулагдаж, номын сангийн салбарынхан маань ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэнэ” гэлээ.

Эрдэм шинжилгээний хурлаар монголын болон ОХУ, Унгар, БНХАУ-ын эрдэмтэд оролцож, “Монгол Улсын Үндэсний номын сан бол монгол үндэстний бичгийн өв соёлыг хадгалагч, түгээн дэлгэрүүлэгч болох нь”, “Монголын номын сан-100 жилд” гэсэн 2 сэдвийн хүрээнд номын сангийн өнгөрсөн, одоо, ирээдүйн төлөвийг судалгааны үндсэн дээр хэлэлцэж байгаагаараа онцлог юм.

Тухайлбал, Монголын номын сангийн сан хөмрөг дахь гадаадын орчуулгын бүтээлийн судалгаа сэдвээр ОХУ-ын монгол судлаач, проф. Кручкин Юрий Николаевич, Номын сангийн эрх зүйн орчин, түүний хэрэгжилтийг сайжруулах зарим асуудалд сэдвээр Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын шинжээч, СУИС-ийн Хүндэт проф. Б.Баяраа, Орон нутгийн номын сангийн өнөөгийн байдал, хөгжил дэвшил сэдвээр Эрдэнэт хотын Төв номын сангийн захирал А.Уранчимэг, Цахим шилжилт ба нийтийн номын сангууд Хотын төв номын сангийн захирал Д.Индра, Монголын хүүхдийн номын сангийн хөгжил, дэвшил Хүүхдийн төв номын сангийн номын санч Г.Буянцэцэг зэрэг илтгэл тавьж, хэлэлцүүлэн, санал солилцлоо.

Мөн үеэр Солонгост суралцагч монгол оюутны холбооноос БНСУ-д төгсөгчдийн магистр, докторын 100-н эрдэм шинжилгээний ажлыг Монголын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоод гардуулан өглөө. Уг эрдэм шинжилгээний ажлыг Үндэсний нотын сангийн 100-н жилийн ойд зориулан Монголын эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооны Солонгос дахь зөвлөл, Солонгост суралцагч монгол оюутны холбоо, “Судлаач хөгжлийг гарц” ТББ, БНСУ-д төгсөгчдийн холбоо, Монголын залуучуудын холбоод хамтран 2021 оны 5-р сарын 1-нээс эхлэн 6-н сарын турш нэгтгэжээ.