Монгол хэл, соёлоороо иргэдээ соён гэгээрүүлэх бодлого хэрэгтэй гэлээ

Уулзалтын эхэнд Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний зорилт болох “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний төслийг танилцуулж, санал солилцов.
Энэ удаагийн уулзалтаар Монгол хэл, соёлыг хэрхэн бага наснаас нь төлөвшүүлэн сургах, соёлын талаар төрөөс барих бодлогын суурийг зөв тавих, хэл утга зохиолын эрх зүйн орчин зэрэг асуудлаар санал солилцлоо.
Салбарын төлөөлөл монгол соёл, монгол баялаг хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийлээд, олон улсын тавцанд үндэстний нүүдэлчин ахуй соёлоо сурталчлан, энэ чиглэлээ илүү хөгжүүлэн барих чухал гэдгийг онцоллоо.
Мөн соёлын бодлогод реформ, стратегийн шинэчлэл хийж, соёл судлал, урлаг судлалын экспертүүдийг бэлтгэн, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхийг сайжруулахыг Соёлын сайдаас хүслээ. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулж, нийгэмд бүтээлч үйлдвэрлэл нь улс үндэстэн оршин тогтнох нэн чухал салбар гэдэг мэргэжлийн ойлголтыг гаргаж ирэх. Соёл судлалын сурах бичиг, контентыг системтэй хөгжүүлэн, монгол хэл, соёлоороо иргэдээ соён гэгээрүүлэх нь нэн чухал бодлого гэж үзлээ.