Цар тахлын үе дэх мэргэжлийн урлагийн байгууллагуудын менежментийг сайжруулна

Монголын Улсын Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд соёлын үйлчилгээ үе шаттайгаар нээгдэж, коронавируст цах тахлын болон дараах амьдралын шинэ хэв маягт дасан зохицох асуудлаар салбарын хэмжээнд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа билээ.

Энэ хүрээнд өчигдөр Соёлын яам, СУИС, ШУТИС, Соёл, урлаг судлалын хүрээлэн болон салбарын эрдэмтэн судлаачидтай хамтран орон нутгийн театр чуулгын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтаар мэргэжлийн урлагийн байгууллагуудын “New Normal Era” үеийн менежментийн чадавхыг үнэлэх, нөхцөл байдлын шинжилгээ хийж, хэлэлцүүлсэн юм.

Коронавируст цар тахлын нөлөөлөл болон техник технологийн хурдацтай хөгжлөөс хамааран дэлхий нийтэд “New Normal Era” хэмээх хөгжлийн шинэ орчин нөхцөлд соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагаанд инноваци, стратегийг шинэчлэх шаардлага бий болж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, дэлхий дахин улс орны хөгжлийг эдийн засгийн хөгжлөөр тодорхойлж ирсэн бол өдгөө улс орнуудын хөгжлийн үзэл баримтлал өөрчлөгдөж “үнэт зүйлс-хөгжил дэвшил” хоёр нь харилцан хамааралтай болохыг хүлээн зөвшөөрч үндэсний нэгдмэл үнэт зүйлээр дамжуулан нийгмийн сайн сайхан байдлыг хангах нь тогтвортой хөгжлийн үндэс хэмээх хандлага түгээмэл болж байгаа юм.

Тиймээс “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын “Үндэсний нэгдмэл үнэт зүйл” хөгжлийн зорилгод нийцүүлэх болоод цар тахлын үед мэргэжлийн урлагийн байгууллагууд хэрхэн зорилго зорилтоо тодорхойлох асуудлаар уулзалдаж, менежментийн чадавхыг үнэлэх, нөхцөл байдлын шинжилгээ хийж байна.