“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Соёлын яам Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ /ЖДҮҮ/-г дэмжих төвтэй хамтран зөвлөгөөн, үзэсгэлэн, чадахжуулах сургалт зэрэг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилготой олон арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
Энэ хүрээнд өнөөдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд нийслэлийн соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнг гаргаж, олон нийтэд танилцууллаа.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн ЖДҮҮ-г дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн нар оролцлоо.
Нийслэл хотод өнөөдрийн байдлаар 43 мянга гаруй ЖДҮҮ эрхлэгч байдаг бөгөөд ДНБ-ий 18 хувь, экспортын 2.4 хувийг бүрдүүлдэг байна. Энэ дотроо соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 11 мянган аж ахуйн нэгж байдаг бөгөөд тэд голчлон соёлын, уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тул аялал жуулчлал дагасан борлуулалт нь тул цар тахлын нөлөөгөөр удаашралтай болж үйлдвэрлэл нь хумигдахад хүрч байгаа юм.
Тиймээс Соёлын яам Нийслэлийн ЖДҮҮ-г дэмжих төвтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг экспортын бүтээгдэхүүн болгох, үнэ цэн бүтээх гэх мэтээр тулгамдаж буй асуудал, санал шийдлээ өнөөдөр ярилцаж, соёлын ЖДҮҮ эрхлэгчдийн зарим бүтээлийг олон нийтэд танилцуулах үзэсгэлэн гаргасан юм.
Энэхүү үзэсгэлэнд бурхан урлаачдын урласан бурхад, Монгол эрэгтэйн их гарын хэт хутга, хөөрөг, гаанс, даалин, Монгол хатадын зүүсгэл өмсгөл, дээл ууж, Монголчуудын эрт дээр үеэс эхлэн өдөр тутамдаа эдэлж хэрэглэж байсан домбо гүц, эсгий урлалын бүтээлүүд, Монгол үндэсний хэв загварын хувцас, гоёл чимэглэлүүд, зэс болон мөнгөн аяга, хээ угалзтай авдар зэрэг түүх соёлын дурсгал болох 200 орчим соёлын бүтээгдэхүүнүүд дэлгэгдлээ.
Энэ үеэр Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин:
Бүтээлч үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид болон хүрэлцэн ирсэн зочид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар 2021 оныг “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ БҮТЭЭЛЧ ЭДИЙН ЗАСГИЙН ОЛОН УЛСЫН ЖИЛ” хэмээн зарласан. Энэ хугацаанд цар тахлын улмаас бүтээлч үйлдвэрлэлийн салбар бүхэлдээ зогсонги байдалд байлаа.
Дэлхий даяараа цар тахлын дараах хэвийн амьдралд шилжиж, эдийн засгаа сэргээхээр зүтгэж буй энэ цаг үетэй хөл нийлүүлэн Монгол Улсын Засгийн газар ч гэсэн ч эдийн засгаа сэргээх бодлого баримталж, салбар бүрийн үйл ажиллагааг үе шаттай сэргээж байгаа.
Соёлын яам мөн улсын хэмжээнд соёлын үйлчилгээг нээж, салбараа сэргээх, бүтээлч эдийн засгийг хөгжүүлэх нэн тэргүүний бодлого баримталж байна.
Энэхүү зорилгынхоо хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгааг дуусгаж, бүтээлч үйлдвэрлэл гэж юу болохыг таниулах, урлаг, уран бүтээлчид болон үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийг дэмжих зорилготой СОЁЛЫН БҮТЭЭЛЧ сарын аяныг санаачлан эхлүүлээд байна.
Аяны хүрээнд Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвтэй хамтран СОЁЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН-ийг зохион байгуулж асуудал шийдлээ ярилцсан бол өнөөдөр бид соёлын бүтээгдэхүүн гэж юу байдгийг, бүтээлч үйлдвэрлэл хэрхэн бий болсныг өөрсдөө үзэж байна.
Өөрөөр хэлбэл, бид шавхагдашгүй оюун ухааны арвин их нөөцтэй, өв соёлтой. Уг нөөцийг үе уламжлан хадгалж оюун ухааны өв болгон өргөн түмэндээ хүртээж, цаашлаад олон улсад үнэ цэнийг илэрхийлж чадахуйц ураар баяжуулсан бүтээгдэхүүнийг ЖДҮҮ эрхлэгчид үйлдвэрлэдэг болохыг бид өнөөдөр бэлхнээ харж болно.
Та бүхэндээ амжилт хүсье” гэлээ.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
“Хоёр жил гаруй хугацаанд бид соёлын болон спортын арга хэмжээг нээж чадалгүй явлаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш хатуу хөл хорио тавихгүйгээр энгийн амьдралдаа эргэж орох зорилтыг Засгийн газраас дэвшүүлж, аж ахуйн нэгж, иргэдтэйгээ хамтран ажиллаж байна.
Мөн коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх III тунгийн тарилга орон даяар эхэлж, Засгийн газраас иргэдийг нэмэлт тундаа хамрагдахыг уриалж байгаа. Өнөөдрийн арга хэмжээнд иргэд шинжилгээ хийлгээд, эсвэл нэмэлт тундаа хамрагдаад оролцож байгаа нь сайшаалтай байна. Дахин хатуу хөл хорионд орохгүйн тул бид хүчээ нэгтгэж, хариуцлагатай байж хамтран ажиллах ёстой. Тиймээс иргэд та бүхнийг III тундаа хамрагдаарай хэмээн уриалж байна. Эхний 2 тунгийн үйлчлэл нь хугацааны эрхэнд багасаж байгаа тул вакцины сонголтоо хийгээд нэмэлт тундаа хамрагдахыг уриалж байна. Нийт иргэдийн 50 хувь вакцины III тундаа хамрагдаж чадвал одоо байгаа улбар шар буюу өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах боломжтой. Цар тахлыг хамтдаа даван туулж, эдийн засгаа сэргээцгээе.
Хоёрдугаарт, Монгол Улс Соёлын яамтай болсон. Соёлын яамыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ байгуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдаас дэмжлэг авах боломжтой цаг үед соёлын салбарынхан ажиллаж байна. Би Соёлын сайд Ч.Номинтой ярилцаж бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийлж байгаа. Монголбанкны төлбөрийн тэнцэл дээр соёлын бүтээлч үйлдвэрийн экспорт гэдэг дүн орж ирдэг болтол нь бид дэмжинэ.
Өнөөдрийн үзэсгэлэнд соёлын маш нандин бүтээлүүд дэлгэгдсэн байна. Эдгээр бүтээлийг экспортлох бүрэн боломжтой гэдэг харагдаж байна. Гар аргаар хийгдсэн, үнэ цэнтэй олон бүтээгдэхүүн байгааг худалдан борлуулах тал дээр төр бодлогын зохицуулалт хийнэ. Монгол Улс бол эзэнт гүрний туурь. Тиймээс түүхэн аялал жуулчлал ч гэсэн хөгжих боломжтой, түүнийг дагаад соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарынханы боломж нэмэгдэнэ.
Монгол Улсад ирэх жуулчид Монгол Улсад ирж вакцинд хамрагдах боломжтой. Ихэнх улсад вакцинжуулалт 35-с доош хувьтай, ээлжээ хүлээж байгаа иргэд олон бий. Тиймээс Монгол Улсад жуулчид ирвэл бид онгоцны буудал дээр вакцинд хамруулж, 2-р тунгаа хийлгэх хүртэлх хугацаанд нь аялал жуулчлал, соёлын бүтээгдэхүүн үйлчилгээгээ үзүүлэх бүрэн боломжтой” гэв.