Соёлын яам нь ЮНЕСКО-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран “Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай 1970 оны конвенц” болон “Зэвсэгт мөргөлдөөний үед соёлын үнэт зүйлсийг хамгаалах тухай 1954 оны Гаагийн конвенц”-ын оролцогч талуудын үндэсний чадавхыг бэхжүүлэх цахим сургалтыг 2021 оны 10 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү цахим сургалт нь соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, зэвсэгт мөргөлдөөний үеэр соёлын үнэт зүйлийг хамгаалахад оролцогч талуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, холбогдох байгууллага хооронд мэдээлэл солилцох үндэсний сүлжээг бий болгох, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.
Монгол Улсын Засгийн газраас соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд онцгой анхаарал хандуулж, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөндөө “Хууль сахиулах байгууллагад соёлын өвийн эсрэг гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх нэгж байгуулж, чадавхыг бэхжүүлнэ”, “Хулгайлагдсан болон хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай ЮНИДРУА-ийн 1995 оны конвенцод нэгдэн орох” зорилтыг тусгасан.
Энэхүү цахим сургалтад Соёлын яамны урилгаар ЮНИДРУА-ийн 1995 оны конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар, ЮНЕСКО-ийн Соёлын өвийн гэрээ хэлэлцээрийн нэгж, Бүгд Найрамдах Итали Улсын Соёлын өвийг хамгаалах цагдаа буюу Карабинери, Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага (ИНТЕРПОЛ), Бүгд Найрамдах Австри Улсын “Хөх бамбай”-н үндэсний хороо, Шинэ Зеланд Улсын Виктория их сургууль, Нидерландын Вант Улсын Маастрихтын их сургууль зэрэг байгууллагын олон улсад нэр хүндтэй эрдэмтэн судлаач, шинжээчид илтгэгчээр оролцож байна. Сургалтад манай улсын соёл, шинжлэх ухаан, хууль сахиулах зэрэг 40 гаруй байгууллагын 150 гаруй мэргэжилтнүүд оролцож байна.