Соёлын Яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Үндэсний их найрал хөгжмийн бүтэц, бүрэлдэхүүн дуугаралтын хүчний харьцааг боловсронгуй болгох нь” судалгаагаар хөгжмийн зэмсгийн тоон харьцаа, дуугаралтын хүчний харьцаа тэнцвэржилт зохицлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоохыг зорьж байна.
Уг судалгааны багийг СУИС-ийн ХУС- ийн Дорно дахины хөгжим судлалын профессорын багийн тэргүүлэх профессор, доктор (Ph.D) профессор С.Соронзонболд удирдаж байгаа бөгөөд судалгааны ажлын хүрээнд Юань улсын сударын 71 -р дэвтэрт байгаа Ёслол хөгжмийн тэмдэглэл хорин хоёрдугаар, Ёслол хөгжим гуравдугаар, Хуримлах хөгжмийн сав, Хөгжмийн анги- хөгжим аялгууны вангийн анги, Өлзийт одон анги, Ёслол хөгжмийн анги, Ном номлогч анги гэсэн бүлэг, хэсгүүд Монгол төрийн тахил тайллага, ордны ёслол хөгжимд холбоотой эх сурвалж, тоо баримтад тулгуурлан тухайн үеийн ордны хөгжимчдийн тоог гаргажээ.
Цаашид өндөр хөгжилтэй орнуудын концертын танхимын тайзан дахь симфони найрал хөгжмийн (оркестр) акустик, симфони найрал хөгжимд тохиромжтой газрын дизайныг хэрхэн зохион байгуулах талаар судална. Үүний үр дүнд Монголын үндэсний их найрал хөгжмийн бүтэц бүрэлдэхүүний дуугаралтын түвшин, үлээвэр, утсан, ятга, шударга болон цохиур хөгжмийн тоглогчийн тоон харьцаа, дуугаралтын хүчний харьцаа тэнцвэржилт зохицлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоохыг зорьж байна.
Сонирхуулахад: Ордноо өлгөх найрал хөгжмийн хөгжимчид хийгээд дуулагчдын байрлал
1-р зураг. Найрал хөгжимд зэмсгийг байрлуулсан дараалал. СУИС - ийн ДУС-ийн багш, зураач Б. Нямхүүгийн зурсан.
Эхлэгчийг морины суудлаас эхлүүлж, төгсгөхдөө хулганы оронд дуусгах нь монгол бэлгэдэлтэй холбоотой юм. Монгол хүний хийморийг бэлгэддэг морины суудалд байрлуулсан хөгжмийн зэмсгээр эхлүүлж, хөрөнгө хураагч хулганы оронд байрласан хөгжмийн зэмсгээр хөгжмийн зохиолыг төгсгөдөг. Хэдийгээр хөгжим төгсөж байгаа ч бэлгэдлийн хувьд хураах, хуримтлуулахыг бэлгэдэж байна.