Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар энэ жилээс эхлэн Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг албан ёсоор нийтээр тэмдэглэн өнгөрүүлж, энэ хүрээнд 30 дахь удаагийн номын баяр болж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Номын соёлт ертөнц” Төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байгаа Номын баяр Сүхбаатарын талбайд болж байгаа юм.
Номын баярын нээлтэд тус хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачлан өргөн барьж батлуулсан Улсын Их Хурлын Гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, мөн Соёлын дэд сайд М.Батбаяр, Нийслэлийн засаг даргын хүний хөгжил, нийгмийн бодлого асуудал хариуцсан орлогч дарга Ж.Сандагсүрэн, “Номын соёлт ертөнц” ТББ-н тэргүүн Б.Сувд нар оролцож, үг хэллээ.
Соёлын дэд сайд М.Батбаяр хэлсэн үгэндээ “Ном” хэмээх оюун санааны үнэт зүйлээр ард олноо соён гэгээрүүлэх, ном хэвлэлийн агуулга, стандартыг сайжруулах, татварын таатай орчин бүрдүүлэх чиглэлээр хууль тогтоогчид, зохиолч, хэвлэн нийтлэгчид, түгээн дэлгэрүүлэгчидтэйгээ хамтран ажиллахаа онцлов.
Мөн ном, соёлын салбарт өндөр амжилт гаргасан номын санч Н.Адъяа, Б.Болор нарыг Соёлын яамны “Жуух бичиг”-ээр, үе тэнгийнхэндээ үлгэр болсон шилдэг уншигч “Номын ертөнц клуб”-ийн сурагч Т.Номин Ч.Зандангарав, Х.Энэрэл, Б.Хаянгирваа, Б.Батцэцэг, БЗД-ийн 142-р сургуулийн 6А ангийн сурагч Б.Түвшинсайхан , “Үй цай” сургуулийн 5а ангийн сурагч Б.Эрдэмбилэг нарыг “Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн”-ээр тус тус шагнаж урамшууллаа.
Соёлын дэд сайд М.Батбаяр “Үндэсний номын сан”, “Богд хааны ордон музей”, “Үндэсний түүхийн музей” зэрэг Соёлын яамны харьяа байгууллагуудын асраар саатаж, Ардын уран зохиолч П.Бадарч, “Чингис хаан” одонт МУСГЗ Г.Мэнд-Ооёо, Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж тэргүүт ном эрдэнийг бүтээн туурвигч нартай уулзаж, яриа өрнүүлэв.
Мөн Монголын зохиолчдын эвлэлийн асраар ороход гүйцэтгэх захирал М.Саруулдалай “Зохиолчдын ордонг байгуулж өгсөн нэрт соён гэгээрүүлэгч С.Удвал ахайтны 100 жилийн ойг Соёлын яам дэмжиж ном бүтээлийг нь хэвлүүлэх, нэрэмжит “Утгын чимэг” наадмыг нь зохион байгуулах болсонд талархал илэрхийлээд” зохиолчдынхоо шинэ ном бүтээлийг танилцууллаа.
Хүүхдийн зохиолчдын номын асарт дэд сайд М.Батбаяр хүүхдийн зохиолч, утга зохиол судлаач Л.Самбуутай уулзаж номын агуулга, хэл найруулгын асуудлаар ярилцаж, одоо боловсруулж байгаа “Хүүхдийн ном хэвлэлийн стандарт”-ад тусгах дээр санал бодлоо хуваалцаж хамтран ажиллах, цаг нөхцөл бүрдэхэд хүүхдэд зориулсан номын агуулгыг сайжруулах тал дээр тусгайлан уулзалт зохион байгуулахаар болов.