Соёлын сайд С.Чулууны “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагыг хүргэж байна

С.Чулуун: Дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд сонгодог урлаг, үндэсний урлагаараа өрсөлдөх чадамжийг бий болгоно

Монгол Улсын Соёлын сайд С.Чулуунтай ярилцлаа.

-Соёлын яам шинээр байгуулагдаад удаагүй байна. Яамны зүгээс соёлын салбарт ямар бодлого барьж ажиллах чигтэй байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-Шинээр байгуулагдсан УИХ-аас Засгийн газрыг байгуулахдаа Соёлын яамыг шинээр байгууллаа. Ерөнхий сайд өмнөх Засгийн газрын үед Соёлын яамыг байгуулах бүхий л ажлыг хангасан байсан. Соёлын яам үндсэндээ 24 жилийн дараа бие дааж байгуулагдлаа. Монгол Улсын оршин тогтнох үндэсний дархлаа, өв соёл, соён гэгээрэл урлаг уран бүтээлийг төрийн бодлогын түвшинд бодлого болгон тодорхойлж хэрэгжүүлэх, ард түмэндээ үйлчлэх зорилго бүхий төрийн төв байгууллага. Манай яамны үндсэн бодлого бол эрхзүйн орчнуудыг баримтлах, эрхзүйн орчныг бий болгох шинээр хууль журам дүрмүүдийг цэгцлэх ажил хийгдэж байна. Намрын чуулганаар гурван хууль хэлэлцэгдэнэ. Соёлын талаар төрөөс баримтлах бодлогоо шинэчилхээр ажиллаж байна. Соёл урлагийн байгууллагуудын томоохон бүтээн байгуулалт болох Чингис хааны музей, байгалийн түүхийн музей, үндэсний урлагийн их театр, үндэсний ном сангийн ажлыг өрнүүлж байна. Энэ жилдээ багтаж 11 давхар үндэсний номын сангийн барилга ашиглалтад орно. Одоогийн улсын номын сангийн чадамжаас гурав дахин том хэмжээний олон улсын стандартад нийцсэн номын сан байгуулагдана. Ирэх жил Монголын хаад язгууртнуудын музей байгуулагдана. Энэ музей бол 100 жил Монгол Улсын түүхэнд хийгдээгүй томоохон соёл урлагийн бүтээн байгуулалтын нэг илэрхийлэл. Чингис хааны музей байгуулагдснаар олон асуудлыг шийдвэрлэнэ. Нэгдүгээрт, аялал жуулчлалын том төв болно. Хоёрдугаарт, шаардлага хангасан нөхцөлд байдаггүй олон соёлын өвийг стандарт нөхцөлд хадгалах боломж бий болж байгаа. Гуравдугаарт, монголчуудын өв соёл, үүх түүхээрээ бахархаж үндэсний үзлийг төлөвшүүлэх том төв болно. Дөрөвдүгээрт, Чингис хааны музей олон улсын стандартад нийцсэн үзэсгэлэн, үйл ажиллагаа явуулах боломжтой газар болно. Түүнчлэн Байгалийн түүхийн музейн зураг төсөл нь хийгдээд дууссан. Ирэх жилийн хавраас үйл ажиллагаа эхэлнэ. Монгол Улс байгаль, түүхийн гайхамшигтай өвт газар. Энэ бүхнийг үзүүлэх боломж Байгалийн түүхийн музейг байгуулснаар бүрдэнэ. Хүмүүсийн амралт чөлөөт цагаа өнгөрөөх нэг том газар болохоос гадна Соён гэгээрлийн төв болох боломжтой. Үндэсний урлагын их театрын газрын асуудлыг нийслэлийн засаг даргын тамгын газар 10га газрыг чөлөөлж өгсөн. Зураг төсөл нь хийгдээд дууссан. Зарим тоног төхөөрөмж олон улсын дэмжлэг туслалцаа нь шийдвэрлэгдсэн. Барилгын ажил ирэх хавраас эхэлнэ.

Дөрвөн их бүтээн байгуулалт дуусахаас гадна Төв аймагт археологи угсаатны зүй үндэсний музей лаборатори байгуулагдана. Хөвсгөл нуур дээр Хөвсгөл нуур музей байгуулагдана. Аялал жуулчлалын томоохон төвүүдийг дагасан өв соёлт газруудад энэ ажлууд хийгдэнэ. Мөн урлаг уран бүтээлийнхээ хувьд бид дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд сонгодог урлаг үндэсний урлагаараа өрсөлдөх чадамжийг бий болгоно. Соёл, урлагийн байгууллагуудын боловсон хүчний чадамжийг дээшлүүлэх ажлууд дээр голлож анхаарна. Хүүхэд багачуудад зориулсан хүүхэлдэйн театр барих, циркээ засах, хүүхдийн үндэсний номын сан байгуулах зэрэг ажил шат дараатайгаар хэрэгжих юм.

-Цар тахлын үед аялал жуулчлалын салбар хүндхэн байна. Бусад улс орнууд цар тахлын аюул намжаад ирэхээр өөр өөрийн улс руугаа аялагчдыг татах арга хэмжээ авч эхэлж байна. Бидний хувьд өв, соёл түүхээ дэлхийд таниулахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай байна вэ?

-Бид зөвхөн аялал жуулчлалын нүдээр өв соёлоо харахгүй байгаа юм. Монгол Улс оршин тогтнох дархлаа болгож байгаа юм. Дараа нь соёлын бүтээлч үйлдвэрлэл инновацийг бий болгож болно. Эдийн засгийг солонгоруулахад манайх оролцох ёстой. Соёл урлаг гэдэг заавал бүтээгдэхүүн, үр дүн гэхээсээ илүү оюун санааны соён гэгээрлийн гол цэнэг нь байдаг. Дэлхийд болон бүс нутаг дээр бид өв соёлоо яаж таниулах вэ гэхээр эхлээд өөрийнхөө хадгалалт, хамгаалалтыг бий болгох хэрэгтэй. Өв соёлынхоо бүрэн бүртгэлжүүлэлтийг хийж цахимжуулах хэрэгтэй. Жишээ нь, Өмнөговь аймгийн Ханбогд суманд очоод гар утсандаа татсан апплейкшнаасаа хайлт хийхэд тэр нутагт байгаа бүх дурсгал таны гар утсан дээр гарч ирэх юм. Монгол Улсын бүх дурсгалуудыг системд оруулна. Бид цахим соёлын өв гэдэг хөтөлбөрийг эхлүүлсэн. Emongolia хөтөлбөрийн хүрээнд цахим соёлын өв хэрэгжинэ. Нөгөө талаараа соёл урлагийн бүх байгууллагуудыг цахимжуулна. Гэртээ байхдаа цахимаар урлагийн тоглолт үзэх, тасалбар захиалах системийг бий болгож өгнө. Музей, уран зургийн галлерей бусад зүйлсийг виртуал музейгаар олон улсын түвшинд хэрэглэгдэж байгаа системийг ашиглана. Олон улсын томоохон нөлөө бүхий газруудад бид түүх соёлын дурсгалаараа үзэсгэлэн гаргах хэрэгтэй. Энэ бол Монгол Улсыг сурталчилж байна. Нөгөө талаас дэлхийд өвөө таниулахаас гадна энэ зүйлээ дагаад хөрөнгө санхүүгээ босгоод бусад сэргээн засварлалт боловсон хүчнээ бэлтгэх бололцоо бий болж байгаа. Бид дэлхийд урлаг уран бүтээлчдээ, өв соёлын зүйлээ гаргах хэрэгтэй. Монгол нутагтаа энэ бүх дата бааз сан хөмөргө үндсэн сууриа системтэй тавьж өгөх хэрэгтэй. Өмнө нь би хүрээлэнгийн захирал байхдаа ч соёлын өвийн бүртгэл, дата баазын тухай 70,80 хувьдаа хийчихсэн ажил бий. Үүнийг цааш нь үргэлжлүүлэн явуулна гэж бодож байна.

-Та түүхч хүн. Ер нь Чингисийн үеийн биет соёлоос манайд байдаг юм уу?

-Чингис хааны музей баригдахад олон хүн энэ асуудал дээр эргэлзэж байгаа юм. Монгол Улс бол Чингис хааны өлгий нутаг. Чингис хааны унасан газар, угаасан ус монгол нутагт байна. Бурхан халдун уул гэх өв соёл бидэнд байна. Эзэнт гүрний үеийн хаад язгууртны үеийн булш илрээгүй. Би битгий илрээсэй гэж боддог хүн. Энэ цаг үед илэрч алдагдахвий дээ гэж бодож байна. Эцэг өвгөд маань нээх цагийг нь хүлээлгэж байгаа. Судлаачид язгууртнуудын булш хаана байгааг бараг барагцаална. Янз бүрийн судалгаа явуулаад хадгалж хамгаалж чадахгүй болж магадгүй. Дээрээс нь хууль бус археологийн малтлага судалгаа хийж хулгайчдын гарт алдах аюултай. Эзэнт гүрэн Юань улс, Монголын Чингис хааны үе болон түүний дараах удам хойчынх нь дурсгал хангалттай бий. Чингис хааны музейд тавих дурсгалд бүү санаа зов гэж хүмүүст хэлж байгаа. Бид дурсгалуудаасаа дөнгөж 30-хан хувийг нь тавьж байгаа. Чингис болон монголын эзэнт гүрний үеийн 5000 орчим дурсгал бодитой биетээр тавигдана. Одоо фонд зориулалтын бус газар асар олон монголын архелогичдын хагас зуун жил малтаж судалсан судалгаанууд байна. Бидний олж цуглуулсан сэргээн засварласан дурсгалууд байгаа. Тэр бүх зүйл маань ард түмнийхээ нүдэн дээр тавигдах нь зүйтэй. Чингис хаан монголын төдийгүй дэлхийн хаан. Дэлхийн улс орнуудын номын санд хадгалагдаж байгаа албан ёсны зөвшөөрөлтэй зүйлсийг монголд тавих хэрэгтэй. Энэ бол нийт музейн үзмэрийн 16 хувь байгаа юм. Монгол улсын гзаар нутаг анхны төрт улсаасаа хойш бидний өвөг дээдэс бидэнд үлдээхдээ ямар замыг ямар хаад язгууртнуудын үйл хэргээр өнөөдөр монголд ирснийг харуулж байгаа юм. Түүнчлэн орчин үеийн техник технологийн контенкуудыг хэрэглэнэ. Хүүхдэд зориулсан 250 хүний суудалтай кино театр баригдана. Энэ музейд хүүхэд залуучууд, эцэг эхчүүд, ахмад настнууд бүгд чөлөөт цагаа өнгөрүүдөг газар болно. Тийм ч учраас би есдүгээр сарын 1-нд бүх музейг хүүхдүүдэд үнэгүй болгосон. Өв соёлдоо чөлөөтэй орж гардаг, чөлөөт цагаа өнгөрүүлдэг, танин мэддэг газар байх ёстой. Үүнийг эсэргүүцээд байгаа хүмүүсийг гайхаад байгаа юм. Музей гэдэг хадгалдаг газар биш. Танин мэдүүлдэг, сургадаг, хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрөөдөг газар байх ёстой. Хүүхдийнхээ тархинд бид хөрөнгө оруулалт хийх ёстой. Ингэж байж хожим өнөөгийн гэмтсэн сэтгэлгээтэй хүмүүсээс тэс өөр хүмүүс болно.

-Архангай аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс Хүннү гүрний нийслэл Луут хотыг нээн илрүүлсэн. Соёлын өвд Луут хот хамаарна биз дээ. Энэ хот бидний дэлхийд гайхуулах өв соёл болох уу?

-Монгол олон эзэнт гүрэнг байгуулсан улс. Хүннү, Сяньби, Жужан зэрэг дандаа эзэнт гүрэн. Хүн төрөлхтөнд нөлөө үзүүлж, газар нутаг, үлдээсэн түүхэн ач холбогдол зэргээрээ монголын эзэнт гүрэн дотор Хүннү, Монголын эзэнт гүрэн хоёр хамгийн хүчтэй. Хүннүг монголчуудын дээдэс гэж үзэж байгаа. 2000 жилийн тэртээ хүннүчүүд энэ газар нутаг дээр төрт улсаа эмхэлж, тэр төрт улс тасралтгүй явсаар эзэн чингис хааны үед хүрсэн. Чингис хаан хүннүгийн үеэс төрт улсаа авч яваа гэдгээ хэлсэн байдаг. Хүннүг зөвхөн нүүдэлдэг ард түмэн байсан гэж үзэхээсээ илүү төрт улсынхаа хэв шинжийг бүрэн хадгалсан байсан гэдгийг илэрхийлж байгаа нь нийслэл хотууд байгаа юм. Хүннүгийн хотууд шинээр олдож байгаа юу гэвэл үгүй. Өмнө нь олон хот олдсон. Хэрлэн голын савд өвөл, хавар, намар, зуны хотууд илрээд малтаад судлаад явчихсан. Луут хот бол орхон хануйн хөндийн цогцолборт байна. Энд хүннүгийн олон дурсгал байна. Язгууртнуудаас эхлээд жирийн иргэдийн булш, тахилгын газар нь одоо хот нь олдож байгаа юм. Энэ хотын онцлог эхний туршиц судалгаагаар хотоос олдсон барилгын материал дээр Тэнгэрийн хүү шаньюу гэсэн үг байгаа юм. Ирэх жил Соёлын яамнаас дэмжлэг үзүүлж нэмж ажиллуулна. Монголын түүх илүү баталгаатай дэлхий дахинд танин мэдүүлсэн зүйл болно. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон чиглэлд сав нутгийг түшиглэсэн төв азийн нүүдэлчдийн голомт цогцолборуудыг байгуулна.

Бид асар олон зүйлийг судалдаг. Судлаад харин дараагийн ажлаа хийдэггүй. Тэгэхээр энэ бүх зүйлээ амьд харилцаанд оруулах ёстой. Бид түүхэн дурсгалт газруудтай танилцлаа. Судлаачдын үр дүн гарлаа. Хэрхэн инноваци бүтээгдэхүүн аялал жуулчлалын цогцолбор байгуулах вэ гэдэг манай яамны нэг л чиглэл. Монголчууд нүүдлийн амьдралтай зохицсон соёл иргэншлийг бий болгосон. Тэр амьдрал дээр нь тулгуурласан сонгодог урлагууд бий болж байгаа юм. Урлаг соёл түүх гэдэг бол салшгүй уялдаатай. Хэрвээ монгол хүн энэ бүхнийг бүрэн ойлгож, танин мэдэж эхэлхийн бол оюун санааны хувьд бүрэн дархлаатай болно. Оюун санааны хувьд дархлаатай хүн хулгай хийхгүй, худлаа хэлэхгүй. Үндэснтий оршин тогтнох цөм нь Соёлын яамтай бодлого болж явна.

-Соёлын яам соён гэгээрэл, урлаг, уран бүтээл, соёлын өвийн асуудал гэсэн үндсэн гурван чиглэлд анхаарч ажиллана гэсэн. Соён гэгээрлийн нэгээхэн хэсэг нь үндэсний контент болов уу. Үнэн зөв үндэсний контент хиймээр байна гэж байна. Сүүлийн үеийн контентууд дээр шүүмжлэл их анзаарагддаг. Манай сүүлийн үеийн контентуудыг та хэрхэн үнэлж дүгнэж сууна вэ?

-Хэвлэл мэдээллийн яам нь бол манай яам гэж боддог. Та бүхний үндсэн зорилго бол хэвлэл мэдээллийн гол контентууд өв соёл өөрийнхөө онцлог амьдралын хэв маяг өөрсдийн урлаг соёлоо сурталчилах. Үндэсний контентуудыг их системтэйгээр явуулмаар байгаа юм. Солонгос, Хятад шиг яагаад нэгдсэн системтэй явахгүй байна гэхээр нэгдсэн бодлого байхгүй. Одоо контентууд дээр тусгай бие даасан мэргэжилтэн гаргаад нүүдлийн соёл иргэншил дээр ямар контентууд явуулах юм,ардын урлаг өв соёл дээр ямар контент явуулах юм гэдгээ системтэй болгох ёстой. Тэр контентуудаа монголдоо цацах, бүс нутагт цацах, дэлхийд цацах гээд өөр өөр байна. Япон, Солонгос, Польш улсууд дэлхийд чиглэсэн үндэсний контентуудыг маш сайн явуулдаг. Узбекууд пловоо ЮНЕСКО-д бүртгүүлээд тэр нь дэлхийд бренд болж харагдаж байгаа биз дээ.

-Манай үүнтэй адил дэлхийд брендтэй болох хэрэгтэй юм биш үү?

-Манайх дэлхийн брендтэй болох ёстой. Түүнийгээ бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгүүлээд орхидог үхмэл байдлаасаа салах ёстой. Бүртгүүлснийхээ дараа жинхэнэ ажил хийх ёстой. Бурхан халдун, Орхоны хөндий, Алтай хадны зургийг ЮНЕСКО-д бүртгүүлчихээд одоо л захиргаагаа байгуулж байна гэхээр харамсалтай. Хадгалах хамгаалах танин мэдэх түгээн дэлгэрүүлэх үр дүнг нь хүртэх гээд бүхэл бүтэн системээр нь явах ёстой. Судлах бол нэг асуудал. Түгээн дэлгэрүүлэх хүмүүст хүргэх хэрэгтэй.

-Манай улс 2025 оноос монгол бичигийг хос бичиг болгож хэрэглэнэ гэж байгаа. Өмнөд Монголд болж байгаа эх хэлний төлөөх тэмцлийн талаарх байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Монгол бичиг үндэстний нэгдлийн толь. Монгол бичгийн талаар манай яаманд хариуцсан тусгай мэргэжилтэн ажиллаж байна. Үндэсний хэлний зөвлөлтэй хамтарч ажиллана. Монголчууд бичиг үсгээ сэргээх, энэ бичиг рүүгээ орох, хос бичигтэн болох зам руу явна. Монгол бичгийг хэрэглээ болгох хэрэгтэй. Хэрэглээ болгож чадахгүй учраас их хол хөндий байгаа юм. Түүнчлэн Монголын нууц товчооны 780 жилийн ой энэ жил тохиож байгаа. Үүнд зориулж томоохон арга хэмжээнүүд хийхээр төлөвлөж байна. Монголын нууц товчоо дэлхийн 30 гаруй хэл дээр хэвлэгдсэн. Ер нь Монголын нууц товчоо бол монголын дэлхий дахинд түгээсэн библь гэсэн үг.

-Монголын нууц товчооны эх хувь хаана байдаг вэ?

-Монголын нууц товчооны эх хувь нь Тайванд байдаг. Монголын нууц товчооны 280 зүйлийн 200 гаруй зүйлийг нь багтаасан алдарт Алтан товч Монгол Улсад байгаа. Алтан товч илэрч олдсоноор Монголын нууц товчоо монголоор байсан нь тодорхой болсон.