Соёлын дэд сайд М.Батбаяр шинээр томилогдсон Элчин сайд нартай уулзалт хийлээ

Соёлын дэд сайд М.Батбаяр өнөөдөр Гадаад харилцааны яаманд Монгол Улсыг төлөөлөн гадаад улсад суухаар томилогдсон Элчин сайд нартай уулзалт хийлээ.

Элчин сайд нь албан ёсоор өөрийн улсын эрх ашгийг хамгаалж, суугаа оронтой улс төр, худалдаа, эдийн засаг, соёл зэрэг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үүрэг хүлээдэг тул Соёлын дэд сайд М.Батбаяр Монгол Улсын соёлын салбарын бодлого, хамтын ажиллагааны талаар нэгдсэн мэдээллийг Элчин сайд нарт өгсөн юм.

Юун түрүүнд, Соёлын дэд сайд М.Батбаяр “Соёлын гадаад харилцаа нь дан ганц Монгол Улсын гадаад сурталчилгаа гэхээс илүүтэй үндэсний соёл, урлаг, өв уламжлал, түүхэн үнэт зүйлс, ёс заншлаар дамжуулан тусгаар тогтнолоо бэхжүүлэх чухал нөлөөтэй” тул соёлын асуудалд онцгой анхаарал хандуулахыг Элчин сайд нараас хүслээ.

Мөн соёлын салбарт гарч байгаа хууль эрх зүйн шинэчлэлүүд нь соёлын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Тухайлбал, Соёлын тухай хууль батлагдсанаар хүн төрөлхтний соёлын ололтоос суралцах, үндэсний соёлын дархлааг нэмэгдүүлэх зэрэг орчин цагийн соёлын харилцааг зохицуулах боломжтой болсон. Харин Монгол Улс анх удаа Кино урлагийг дэмжих тухай хуультай болсноор гадаад уран бүтээлчид Монгол Улсад хялбаршуулсан “К4” визээр нэвтэрч, татварын хөнгөлөлт эдлэх зэргээр кино, бүтээлээр дамжуулан Монгол Улсыг гадаадад сурталчлах хөшүүрэг бий болсон гэх мэт онцлох өөрчлөлтүүдийг танилцуулав.

Хууль эрх зүйн өөрчлөлтөөс гадна соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёл урлаг, Монголын түүх, соёл, урлаг, соёлын өвийг судлах, бүртгэх, хамгаалах асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Элчин сайд нарын зүгээс Монгол Улсыг гадаад орчинд сурталчлах видео контентыг бие болгох, Дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан түүгээр санал гаргасныг Соёлын яам талархан хүлээн авч, хамтран ажиллахаар болов.

Уулзалтын төгсгөлд Соёлын дэд сайд М.Батбаяр Монгол Улс соёлын салбарын нэг цонхны бодлого баримтлахад томилогдож буй Элчин сайд нарын үүрэг оролцоо өндөр болохыг онцолж, Соёлын яамтай нягт хамтран ажиллахыг хүслээ.