Салбарын бодлого тогтвортой байх чухлыг уран бүтээлчид онцлов

Соёлын сайд Ч.Номин кино урлагийн салбарын уран бүтээлчдийн төлөөлөлтэй уулзлаа

Уулзалтын эхэнд Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний зорилт болох “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний төслийг танилцуулж, санал солилцлоо. Энэ удаагийн уулзалтаар монгол киноны хөгжлийн өнөөгийн нөхцөл, хууль эрх зүйн орчин, кино үзвэрийн бодлого, кино түгээлтэд тулгамдаж буй асуудлууд, кино урлагийн нийгэм дэх ач холбогдол, кино зах зээлийг нээх гарц, шийдэл сэдвийн хүрээнд ярилцав. Кино урлагийн салбарын уран бүтээлчид Соёлын сайдын баримтлаж буй бодлогыг дэмжиж буйгаа мөн үеэр илэрхийлээд, салбарын хүний нөөцийн бодлого алдагдсан, багшлах боловсон хүчин дутмаг, чадамжгүй байгааг анхаарч өгөхийг хүслээ. Мөн салбарын бодлого тогтвортой байх чухлыг уран бүтээлчид онцолсон юм.