Монгол брэндээ дэлхийн зах зээлд таниулахад онцгой анхаарахыг Соёлын сайдаас хүслээ

Уулзалтын эхэнд Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний зорилт болох “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний төслийг танилцуулж, санал солилцлоо.

Уран бүтээлчдийн төлөөлөл Соёлын сайд Ч.Номинг хүлээн авч уулзан санал солилцож буйд талархал илэрхийлээд, баримтлаж буй бодлогыг дэмжихийн зэрэгцээ олон жилийн дараа дахин эмхлэн байгуулагдсан Соёлын яам тогтвортой, бодлого нь урт удаан үргэлжлэх чухал байна гэдгийг хэлж байв. Мөн тус салбарын бизнесийн орчныг сайжруулах, татварын дарамтыг багасгах, чадварлаг боловсон хүчин бэлтгэх, монгол брэндээ гадаадын зах зээлд гаргах зэрэг асуудалд онцгой анхаарч дэмжиж өгөхийг хүслээ. Энэ удаагийн уулзалтаар хувцас загварын салбарын нөхцөл байдал, маркетинг, менежмент, хууль эрх зүйн орчин, боловсон хүчний асуудал, хөрөнгө оруулалт, татварын бодлого, монгол хүний биеийн бүтэц, стандарт хэмжээний тодорхойлолтыг бий болгох, олон улсын уралдаан наадамд загвар зохион бүтээгчдээ оролцуулах, үндэсний хувцсаа дэлхийд таниулах, зах зээлийн гарц, шийдэл сэдвийн хүрээнд ярилцлаа.

Уулзалтад Соёлын яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнбат, Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Соёлын үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн дарга Н.Мөнхзул, “Монгол костюмсХХК-ийн захирал Б.Сувд, “Ариунаа Сүри” брэндийн үүсгэн байгуулагч С.Ариунаа, Michel&Amazonka брэндийг үүсгэн байгуулагч Ч.Мөнхжаргал, Monalun” брэндийг үүсгэн байгуулагч Б.Намуунгэрэл, “Soyo” брэндийг үүсгэн байгуулагч Д.Энхмаа, “Мьюз арт арт хаус” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Цас, “Katya Zol” брэндийг үүсгэн байгуулагч Г.Золцэцэг, “Nolar” брэндийг үүсгэн байгуулагч Б.Дэлгэрмаа нар оролцлоо.