Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган өнөөдөр өндөрлөлөө. Хаврын чуулганаар бие даасан хууль 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 54, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 3, Улсын Их Хурлын 52 тогтоол, нийт 163 хууль тогтоомж баталжээ.
Энэ дундаа УИХ-ын гишүүд Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталснаар Монгол Улс кино урлагийн салбарын хууль эрх зүйн зохицуулалтай болсон юм. Мөн сүүлийн 15 жил өөрчлөлт оруулаагүй байсан Соёлын тухай хуулийг шинэчлэн баталсан нь монголын соёлын өвийг хадгалах, шинэ тутам орж ирж байгаа соёлын урсгалаас үндэсний өв соёлоо хамгаалах, өв соёлоо эдийн засгийн эргэлтэд оруулах гэх мэт бодлогын хууль болж чадсан хэмээн хууль тогтоогчид дүгнэж байна.
Мөн өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар энэ удаагийн УИХ-ын чуулган соёл урлагийн салбараа шинэ нөхцөлд сэргээн хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулсан чуулган боллоо хэмээн дүгнэж хэлэв.
Тэрбээр, УИХ-ын хаврын чуулганыг хааж “Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж баталлаа. Монгол Улсын түүхэнд анх удаа Кино урлагийг дэмжих тухай хуулийг батлав. Монголын соёлын давтагдашгүй хэв шинжийг тодорхойлох, хамгаалах хүрээнд төрөөс тусгайлан дэмжлэг үзүүлэх, соёлын үйл ажиллагааны чиглэлийг тодотгон, соёл судлал, соёлын боловсролын үйл ажиллагааг өргөжүүлэх, соёлын үнэт зүйлийн бүртгэл, үнэлгээний болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн асуудлыг зохицуулах эрх зүйн үндэс ийнхүү бүрдэж байна. Төрөөс кино урлагийг дэмжих бодлого нь ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, шударга, ойлгомжтой, энгийн байх зарчмыг тогтоож, уран бүтээлчийн хөгжлийг дэмжих, кино үйлдвэрлэлд шаардагдах дэд бүтцийг бий болгох, кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх, кино урлагаар дамжуулан түүх, өв соёлоо дэлхийд сурталчлан таниулах зэрэг зохицуулалтууд Кино урлагийг дэмжих тухай хуульд тусгалаа олсон болно” гэлээ.