УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг 2 удаа, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд баг 3 удаа хуралдаж, уран бүтээлчид, мэргэжлийн төрийн бус байгууллагын санал, бусад орны сайн туршлагыг судалж, 33 саналын томьёолол бэлтгэжээ. Тухайлбал:
-Кино урлагийг дэмжих чиглэл, зарчмыг тодорхой болгож, хуулийн нэр томьёог бусад хууль тогтоомжтой нийцүүлсэн.- Кино урлагийг дэмжих сангийн нийтлэг харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулж, бүрдүүлэлт, зарцуулалтын онцлог харилцааг нь Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөлд тусгахаар заалаа. Кино урлагийг дэмжих санхүүжилтийн зохицуулалтыг цогцоор шийдвэрлэхээр тусгасан.
- Кино урлагийг дэмжиж, кино урлагаар дамжуулан дэлхийд түүх, өв соёлоо таниулах, олон улсын түвшинд өрсөлдөх, үндэсний кино урлагийг хөгжүүлэх зорилгоор бусад орны жишигт нийцүүлэн Кино бүтээх зардлын буцаан олголтын талаар шинээр бүлэг нэмсэн.
- Кино урлагийг дэмжих сан, буцаан олголтын зохицуулалттай холбоотой үйл ажиллагааг зохицуулах, мэргэжлийн санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Кино урлагийн өвлөл, түүний чиг үүрэг, бүрэлдэхүүний талаар тусгасан.
- Кино урлагийн салбарын төрөөс үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагаанд цахим үйлчилгээ нэвтрүүлэхээр зааж, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглахтай холбоотой зохицуулалтыг өргөжүүлж тусгасан байна.
Соёлын сайд Ч.Номин хэлэхдээ "Хуулийн төсөл хоёр ерөнхий агуулгатай. Монгол уран бүтээлчдийг дэлхийн хэмжээний кино уран бүтээл хийхэд дэмжлэг үзүүлэх юм. Мөн кино урлагийг дэмжих сангийн асуудал бий. Энэ нь буцалтгүй тусламж, зээл олгох гэсэн хоёр хэлбэрээр явагдана.
Кино урлагийг дэмжих сан хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Нэг чиглэл нь монгол уран бүтээлчдийн хийсэн кинонд буцалтгүй тусламж үзүүлж, дэлхийд гаргах зорилготой. Нөгөө чиглэл нь кино продакшнуудад зээл олгох зарчимтай" гэлээ.
Ийнхүү ажлын хэсгээс гаргасан саналыг чуулганд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.