С.Баттулга: Сайхан хөгжим сонсоход муухан хүнтэй ярилцсанаас илүү тайвширдаг

Дэлхийн хөгжмийн өдөр өнөөдөр тохиож байна. Монголын хөгжмийн урлагийн төв байгууллага буюу Монгол Улсын Филармонийн захирал, МУСТА С.Баттулгатай ярилцлаа.

-Сайн байна уу. Танд дэлхийн хөгжмийн өдрийн мэндийг дэвшүүлье.

-Сайн байцгаана уу. Юуны түрүүнд танай сайтын нийт уншигчдад энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Би хөгжимчин хүн биш. Гэхдээ урлагийн ертөнцөд төрсөн, өссөн, хүмүүжсэн. Одоо ч энэ ертөнцөд амьдарч буй нэгэн. Хөгжим гэдэг бол үнэхээр гайхамшигтай зүйл. Амьд бодгаль агааргүй бол амьдрах боломжгүй. Яг үүнтэй адил хүн төрөлхтөн хүний нийгэмд урлаггүй, тэр дундаа хөгжимгүй бол оршин тогтнох ямар ч үндэс байхгүй. Бид урлагтай холбогдчихсон байдгаа өөрсдөө ч анзаардаггүй.

“Би урлаг ойлгодоггүй” гэж хэлэх хүмүүс байдаг. Гэхдээ тун цөөн. Та хүссэн ч эс хүссэн ч хөгжим гэдэг энэ агуу зүйлээр тэтгэгдэж амьдарч байгаа. Яг л агаар амьсгалж буйтай адил.

-Цар тахалтай холбоотойгоор олон бизнес зогсож, арга хэмжээнүүд цуцлагдсан хүндхэн жилүүдийг бид үдэж байна. Улсын Филармони энэ цаг үед ямар чиглэлд төвлөрөн ажиллаж байна вэ?

-Би өмнө нь Улсын Филармонид уран бүтээлчээр олон жил ажилласан. Ингээд удирдах албанд томилогдсон. Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байна. Монголын ард түмэн ч гэсэн амаргүй, хүнд цаг үетэй нүүр тулаад байгаа. Соёл урлаг, аялал жуулчлал, хувийн хэвшил зэрэг олон салбарт цар тахал нөлөөлсөн. Улсын Филормони цар тахлын үед ерөөсөө зүгээр суугаагүй. Бид УОК, Засгийн газраас хэрэгжүүлж буй шийдвэр, тогтоол, журмуудад нийцүүлэн ажиллаж байна. Мөн Соёлын яамтай уялдан үйл ажиллагаа явуулж байна. Цар тахлын үед уран бүтээлчид нэгдсэн бэлтгэл сургуулилалт хийхгүй байгаа. Уран бүтээлчид маань гэртээ хувь, хувьдаа бэлтгэлээ хийж байна.

Цар тахал гарсан гээд уран бүтээлчид хийх юмгүй амраад байгаа юм биш. Урлагийнхан ялангуяа хөгжимчид байнга бэлтгэл сургуулилалт хийхгүй бол болдоггүй.

-2022 онд Улсын Филармони байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохионо шүү дээ.

-Тийм ээ. Ойн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлууд олон байна. Өмнө нь төлөвлөсөн байсан ч хойшлогдсон, заавал хийх ёстой тоглолт, уран бүтээлүүд ч мөн бий. Бидний төлөвлөж байсан маш олон сайхан тоглолтууд цуцлагдсан. Энэ нь 2022 оны үйл ажиллагааны ачааллыг нэмж байгаа.Улсын Филармонийн алба, хэлтсийнхэн маань цар тахлын үед зогсолтгүй ажилласан. Хүмүүс урлагийн тоглолт байхгүй юм чинь гээд биднийг их амарч байна гэж бодсон байх. Гэтэл эсрэгээрээ, ялангуяа Улсын Филармонийн Захиргаа удирдлагын хэлтсийнхэн маш ачаалалтай ажилласан. Хатуу хөл хорионы үед ч гэсэн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд ажиллаж байлаа. Өнгөрсөн хугацаанд бодлогын бичиг баримтуудаа шинэчилсэн. Дотоод дүрэм, журмуудаа эргэн харж, Улсын Филармонийг хөгжүүлэх дунд хугацааны стратегийг шинэчлэн баталсан. Ингэхдээ ажлын хэсэг байгуулан судалгаа хийж, мэргэжлийн хүмүүсийг туслан гүйцэтгүүлэхээр хамтарч, гэрээ хийн ажиллалаа.

-Улсын Филармони өнгө зассан харагдаж байна.

-Цар тахлын энэ үед байгууллагынхаа өнгө төрхийг сэргээх засвар үйлчилгээнүүдийг хийсэн. Зовлон тоочвол бас олон зүйл бий. Байгууллага тоглолтгүй, орлогогүй байна. Хөрөнгө, санхүүгийн боломж тааруу, хүний нөөц дутмаг. Цар тахалтай учир олон нийтэд үйл ажиллагаа явуулж болохгүй зэрэг зөндөө асуудал байна. Гэхдээ бид цар тахалгүй хэвийн үеэс илүүтэйгээр байгууллагаа өөдөн татах, дотоод соёлоо төлөвшүүлэхэд анхаарч ажиллалаа.

2020 оны Соёлын яамны ажлын хэсгийн дүгнэлтээр Улсын Филармони үйл ажиллагаагаараа тэргүүлсэн. Үүнийг маш ололт, амжилттай зүйл гэж бодож байна.

Зургаадугаар сарын 15-нд симфони найрал хөгжмийн үүсгэн байгуулагч, Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжав багшийн мэндэлсний ойн өдөр тохиодог. Эл өдрийг тохиолдуулж жил бүр хүндэтгэлийн тоглолт хийдэг. Цар тахлын үед ч энэ уламжлалаа алдахгүйгээр симфони оркестрын уран бүтээлчдийн санаачилгаар бүгд хамтраад “Chamber music” нэртэй цөөхүүл хөгжимчдийн тоглолтыг NTV телевизээр дамжуулсан. Их өвөрмөц хөтөлбөртэй, сайхан тоглолт болсон.

-Та Монголын хөгжмийн урлагийн төв байгууллагын удирдлагын үүргийг хүлээхдээ ямар зорилт тавин ажлаа эхэлж байв?

-Би 2019 оны аравдугаар сард удирдах албан тушаалд томилогдсон. Энэ хүндтэй албанд томилогдохдоо анхаарах ёстой таван чиглэлийг тодорхойлсон. Эдгээр чиглэлийн дагуу хичээн ажиллахаа бүх ажилтны хурлын үеэр амлаж байв. Үүний дагуу шат дараалсан арга хэмжээг авч байна. Эхнээсээ үр дүнгүүд нь гарч байгаад баяртай байна.

-Таны тодорхойлсон чиглэлүүд чухам юу байв. Тухайлбал?

-Нэгдүгээрт, Байгууллагын соёлд анхаарч ажиллана хэмээн хамт олондоо хэлж байсан. Манайх төр, үйлчилгээ, соёл, урлаг гэсэн статустай үйл ажиллагаа явуулдаг. Хөгжмийн урлагийн төв байгууллага буюу Улсын Филармони үзэгч, сонсогчдодоо хамгийн сайхан, шилдэг бүтээлүүдийг хүргэх зорилго, үүрэгтэй. Энэ үүргийг олон жил нэр төртэйгөөр гүйцэтгэж ирсэн. Бид харилцаа, хандлагаа шинэчилье, сайжруулъя. Дотоод соёлоо анхааръя гэж төлөвлөсөн.

Бүтээлчээр биш өөнтөглөж шүүмжилдэг, байгууллагын уур амьсгалыг эвддэг. Шийдэл ярихгүй, үр дүн гаргаж ажилладаггүй байж бусдыг шүүмжлээд л сууж байдаг хүмүүс ч байдаг. Үүнийг өөрчлөх хэрэгтэй гэж шийдсэн.

Хоёрдугаарт, Аж ахуй, орчин нөхцөл талаасаа байгууллагаа өөдөн татахыг зорьсон. Ажлын байр гэдэг бол хоёр дахь гэр байдаг. Хүн гэрээ жаахан ч гэсэн өөдөн татахыг боддог. Яг л үүнтэй адил. Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Ажлаа авсны дараа хамгийн түрүүнд байгууллагынхаа үүдний хаалгыг сольсон. Хуучирч, муудсан болохоор хаалгаар их дулаан алддаг байсан.

Манай бүх албаныхан нэг өрөөнд сууж ажилладаг байлаа. Тус, тусын үүрэгтэй албад холилдож суухаар ажлын бүтээмжид нөлөөлдөг. Тиймээс бид уулзалтын өрөөгөө засаад уран бүтээлийн албаныхныг “тусад нь гаргасан”. Манайх өрөө танхимын хүрэлцээ муутай. Үүдний хүлээлгийн танхимын нэг хэсгийг өрөө болгож, Маркетинг олон нийттэй харилцах албаа тусдаа болголоо. Гудамжны мухарт байдаг муухан ТҮЦ-тэй адил нөхцөл байдалтай байсан аж ахуйн нярвын өрөөнд засвар хийсэн.

СТӨ-нд Улсын Филармони нүүж ирснээс хойш 30 жил янзалж, шинэчлээгүй байсан коридорын элэгдэж муудсан хулдаасыг солилоо. Таазаа янзалж, гэрлүүдээ ч өөрчилсөн. Ариун цэврийн өрөөний үнэр нь дийлддэггүй, тав тухгүй байсан. Үүнийг сольсон. Жижиг зүйлс шиг сонсогдож болно. Гэхдээ бид орлоготой, боломжтой байхдаа хийгээгүй олон зүйлийг орлогогүй, боломжгүй энэ цаг үед хийж амжууллаа.

-Та бүхэн гадаад харилцаандаа хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Бид урагшаа Хөх хот, хойшоо Улаан-Үд орсноо гадаад харилцаагаа өргөжүүллээ гэж ярьж болохгүй. Дэлхий хавтгай болсон. Хэт том зүйл ярихгүй ч мөрөөдье. Филармони гэдэг бол өндөр статустай байгууллага. Бээжин, Берлин, Парис, Лондоны филармонуудтай харилцаа тогтооё гэж зорих хэрэгтэй. Шууд л манай хөгжимчид онгоцоор нисэж очоод тоглолт хийнэ гэж юу байх вэ. Гэхдээ хамтын ажиллагааны маш олон хэлбэр бий.

Би ажлаа авснаас сар гаруйн дараа Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн ОХУ руу хийсэн айлчлалын багт мэргэжлийн урлагийн байгууллагын төлөөлөл болж хамт явсан. Ингээд Москва хотын Филармонийн даргатай уулзсан. Тэгэхэд “Танайх 50 жил болж буй түүхтэй байгууллага байж танайхаас анх удаа та л ирж уулзаж байна. Өмнө нь хүн ирж уулзах нь бүү хэл цахим зурвас, шуудан ч ирж байгаагүй” гэсэн. Үүнээс манай гадаад харилцаа хэр хоцрогдсоныг харж болно.

-Улсын Филармонийн хөгжмийн зэмсгийн шинэчлэлт хэр шатанд явж байна вэ. Үүнд зориулж хоёр тэрбум төгрөгийн төсөв баталсан шүү дээ.

-Улсын Филармони хөгжим шинэчлэлтэд онцгой анхаарал хандуулж ажилласан. Хэл, хөл хүрдэг л юм бол үүнийг ажил хэрэг болгохын төлөө явна гэж би амлаж байсан. 2020 оны аравдугаар сард Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх соёл урлагийн салбарын ажилтай танилцах зорилгоор Улсын Филармонид ирсэн. Энэ үеэр бид хөгжмийн зэмсэг шинэчлэлийн талаарх асуудлыг хөндөж, танилцуулга хийсэн. Улмаар Улсын Филармонийн симфони оркесторын хөгжмийн зэмсгийн шинэчлэлтэд 1.8 тэрбум, морин хуурын чуулгын хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс шийдүүлсэн. Ингээд хэдхэн хоногийн дараа Засгийн газрын хуралдаанаас тогтоол гарч, шийдвэр албажсан.

Үүнийг ажил хэрэг болгох гэж бид их урт зам тууллаа. Тендерийг хуулийн хүрээнд Соёлын яамнаас зохион байгуулсан. Одоо дөрвөн багц хөгжмийн зэмсгийн нийлүүлэлт хийгдсэн байна. Ирэх сарын 1-нд үндэсний хөгжмийн багц ирэх юм.

-Хөгжмийн зэмсгийн шинэчлэлтийг уран бүтээлчид хэрхэн хүлээж авав?

-Манай уран бүтээлчид маш их баяртай, догдлол дүүрэн хүлээн авсан. Манайх үндсэн 155 хүний орон тоотой ажилладаг. Хөг дутах үед хөгжимчид, уран бүтээлчидтэй гэрээ хийн нэмэлтээр ажиллуулдаг. Ингээд үзэхээр нийтдээ 170 гаруй ажилтантай. Шинэ хөгжмийн зэмсгээрээ сайхан тоглолт, уран бүтээл хийхээр уран бүтээлчид маань тэсэн ядан хүлээж байгаа. Бид олон жил төр, түмэндээ хөгжмийн урлагаар үйлчлэх үүргээ нэр төртэйгөөр биелүүлэх болно гэдгийг энэ ярилцлагаар дамжуулан мэдэгдье. Мөн энэ цаг үед бидний санаачилгыг хүлээн авч, хөгжмийн шинэчлэлт хийж өгсөнд нь маш их талархаж буйгаа илэрхийлье. Бодож, төлөвлөсөн ажлууд их бий.

-Та өөрөө уран бүтээлч хүн. Удирдах албаны хажуугаар уран бүтээл хийх завдал олдож байна уу?

-Би бол “дотоодын бүтээгдэхүүн”. Монгол Улсдаа гурван сургууль төгссөн. “Хөгжим бүжгийн коллеж”-ийн найрал дуучны анги, СУИС-ийн гоцлол дуучны анги, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг улс төр судлалаар дүүргэсэн. Хос мэргэжилтэй.

1999 онд анх Дуурийн театрт найрал дуучнаар ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш 22 дэх жилдээ мэргэжлийн урлагийн байгууллагуудад тасралтгүй ажилласан. Үүний сацуу нийгмийг ажиглаж, анхаарсаар ирсэн.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард би өөрөө продюсер хийгээд, дуулаад хөгжмийн зохиолч Г.Жанцансамбуугийн хөгжим, Б.Ичинхорлоогийн шүлэг “Хамаг бүхэн сайхан болно” дууг хийсэн. Даруухан хэрнээ том агуулгатай уран бүтээл гаргасан. Бид хэлбэр биш агуулга руу анхаарах ёстой. Бид мянга гоё юм үзүүлээд үзэгчдэд агуулга үлдээж чадахгүй бол энэ хоосон зүйл болно. Үүн дээр би хувь уран бүтээлчийн зүгээс Улсын Филармонийн зүгээс ч анхаарч ажиллана. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүний эрхийн асуудлыг хөндөн анхаарах болно.

-Танд нийгэмд санаа зовнидог зүйл бий юу?

-Нийгмийн сэтгэлзүй маш тогтворгүй, эмзэг болчихсон. Энэ нь яг л ямар ч дархлаагүй болсон хүнтэй адил. Бид цар тахал гэж яриад л байна. Гэтэл Монголын нийгэм тэр чигээрээ сэтгэлгээний тахалд өртчихөөд байна. Сөрөг хандлагатай болсон байна. Ёс уламжлал, эв эе гэдэг зүйлээ гутаасан. Нэгнийгээ цахимын цаанаас доромжилж, хараадаг болсон. Энэ нь биднийг буруу тийшээ явж буйг харуулж байна. Нийгмийн сэтгэлзүйг эрүүл байлгахын тулд бид тэмцэх ёстой. Үүний төлөө ажиллах хэрэгтэй.

Би дотнын хүмүүсийн дэмжлэгтэйгээр 2007 онд “Шинэ урлаг” нэртэй ТББ байгуулж байсан. Энэ хүрээнд сайн дурын, хүмүүнлэгийн ажлууд хийж байлаа. “Урлагаар дамжуулж нийгмийн сэтгэлзүйд эергээр нөлөөлнө” гэх уриаг дэвшүүлж ажиллаж байв. Сайн дурын үйл ажиллагаагаа хүмүүст сурталчлах гэж хичээгээгүй. Чимээгүй хийсээр л ирсэн. Дууны болон үгийн урлагаар дамжуулж өөрийгөө үзэн ядаж, зүхэж буй хорих ангид хүмүүжигчдэд уучлал, хайр, хүсэл мөрөөдөлтэй байх нь ямар утга учиртай юм зэрэг сэдвээр урлагийн сэтгэл засал хийж байсан.

Эмэгтэйчүүдийн хорих ангид долоон удаа очсон байдаг. Хүүхдийн хорих анги, Ганц худаг, Булган дарьтайн хорих газар, Хөвсгөлийн гяндан гээд бараг очоогүй газар үлдээгүй.

-Дэлхийн хөгжмийн өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлбэл?

-Би бүх зүйлийг урлаг гэж хардаг. Дайн хүртэл дайтах урлагтай. Байшин барих ч урлаг. Хүмүүс урлагийнхан гэж тусдаа авч үздэг. Миний хэлэх гэсэн санаа бол бидний эргэн тойрны бүх зүйл урлаг юм. Эр, эмийн хамгийн нандин харилцаа хүртэл урлаг. Спорт ч урлаг. Шинжлэх ухаан ч урлаг. Бизнес хийх нь ч урлаг. Тиймээс урлагт хайртай байгаарай. Хөгжим сонсож байгаарай. Театр, Филармони, чуулгуудыг зориорой. Амьдралд чинь юу ч болж байсан сайхан хөгжим сонсох зав өөртөө заавал гаргаарай. Сайхан хөгжим сонсоход муухан хүнтэй ярилцсанаас илүү тайвширдаг. Тиймээс урлагаар амьдраад, хөгжмөөр амьсгалаарай гэж ерөөе. Та бүхэнд сайн сайхныг хүсье. Хамаг бүхэн сайхан болох цаг удахгүй ирэх болтугай. Монголын хөгжмийн урлагийн төв байгууллага, Монгол Улсын Филармонийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Цар тахал хумигдахаар үзэгч, сонсогчдоо урьж байна.