УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар "Номын соёлт ертөнц” хамтран зохион байгуулж буй 29 дэх удаагийн Үндэсний номын баяр нээлтээ хийлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар номын баярыг нээж хэлсэн үгэндээ, "Ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, уншигч ард түмэн болох нь бидний хөгжлийн түлхүүр юм. Цаг үетэйгээ хөл нийлүүлж орчин үеийн техник, технологийг ашиглан цахим ном, цахим номын сан, сонсдог ном, аудио ном, тоон номыг монгол номын соёлын хүрээнд нэвтрүүлэх нь чухал. УИХ-ын даргын хувьд Монгол Улсын хэмжээнд буй бүх номын сангуудыг цахимжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэлтэй байна" гэлээ.
Ном унших соёлыг түгээн дэлгэрүүлсэн “Номын соёлт ертөнц” ТББ-ын соёлын менежер Ц.Бадамсүрэн, Г.Ганчулуун нарыг Соёлын яамны жуух бичгээр, “Тэргүүний уншигч" тэмдгээр Д.Нацагдорж, ном унших соёл дэлгэрүүлэх үйлсэд үе тэнгийн найзуудаа манлайлж, "Номын баяр"-т сүүлийн 10-аад жил идэвх зүтгэлтэй оролцон, өөрсдийгөө хөгжүүлж байгаа Нийслэлийн 62-р сургууль 11-б ангийн сурагч Ч.Номинжин, Нийслэлийн 143-р сургууль 12-а ангийн сурагч Ө.Ариунзаяа, Нийслэлийн 20-р сургууль 9-б ангийн сурагч Х.Батзолбоо, Нийслэлийн 1-р сургууль 12-в ангийн сурагч М.Дөлгөөн нарыг тус тус шалгарч, шагналыг Соёлын яамны Соёл гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг гардуулав.