Соёлын сайд Ч.Номин аймгийн удирдлагуудтай уулзах үеэрээ соёл урлагийн үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлж, соёлын биет болон биет бус өвийн хадгалалт, хамгаалалт, сурталчилгааг нэмэгдүүлж, нутгийн онцлогийг илэрхийлсэн соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоход анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн тусламж гэхээсээ илүүтэй боловсон хүчнийг чадавхжуулах, соёлын биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, хайрлан хамгаалах ажил түлхүү хийгдэх ёстой талаар Соёлын хэлтэс болоод аймгийн удирдлагуудтай харилцан санал солилцсон юм.
Соёлын сайд түүх шастир, булш бунхан, хадны зураг, хиргисүүр, хөшөө дурсгалаар баялаг Алтай нутагт археологийн судалгаа, эрдэм шинжилгээний томоохон хурал зөвлөгөөн хийх ажлуудыг эрчимжүүлэхээ уулзалтын үеэр хэлэв.
Дашрамд дурдахад Говь-Алтай аймгийн хэмжээнд байгальд ил задгай байрласан хүн ба буган чулуун хөшөө, бичээс, хадны зураг, булш, хиргисүүр бүхий улс, аймгийн хамгаалалттай түүх соёлын үл хөдлөх дурсгалт газрууд 37 байдаг.
АЙМГИЙН НОМЫН САНГ НЭГДСЭН ЦАХИМ БҮРТГЭЛИЙН СИСТЕМД ХОЛБОХ АСУУДЛААР ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Соёлын сайд Ч.Номин Говь-Алтай аймгийн нийтийн номын санд ажиллах үеэрээ аймгийн номын санг нэгдсэн цахим бүртгэлийн системд холбох, соёлын салбарын үйл ажиллагааг цахимжуулах, асуудлаар удирдлагуудад чиглэл өглөө.
Нийтийн номын сан нь 1944 байгуулагдаж байсан түүхтэй. Тухайн үедээ нэг хүний орон тоотой, 200 ширхэг номын фондтойгоор ажиллаж байсан бол өдгөө 17 хүнтэй, 43000 номын сан хөмрөгтэй болон өргөжсөн байна. Номын сангын шинэ барилгын ажлыг улсын төсвийн 956.3 төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгэн, 2019 ашиглалтад оруулсан байна. Түүнчлэн 2020 онд Хүүхдийн уншлагын танхимыг Ч.Лодойдамба сангаас иж бүрэн тохижуулжээ.
Нийтийн номын сан нь үндсэн фонд, гэрээр ном олгох тасаг, гадаад хэлний уншлагын танхим, сонин сэтгүүлийн танхим, насанд хүрэгчдийн болон хүүхдийн уншлагын танхимаас бүрдэнэ. “Зөөврийн номын сан”-гийн үйлчилгээг алслагдсан баг, сууринд оршин суугаа малчдад болоод аймгийн төвийн зарим албан байгууллагуудад үзүүлж байна.
“АЛТАЙ” ЧУУЛГАД НЭН ШААРДЛАГАТАЙ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧНИЙГ ШИНЭЭР БЭЛДЭХ, УРАН БҮТЭЭЛЧДИЙГ НЬ ЧАДАВХЖУУЛАХ, ДАВТАН СУРГАХАД АНХААРНА
Соёлын сайд Ч.Номин хөдөөгийн ард иргэд, хүүхэд залуучуудын гоо зүйн боловсролыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан 54 жилийн түүхэн замналтай Ч.Лодойдамбын нэрэмжит Ардын дуу бүжгийн Алтай чуулгын үйл ажиллагаатай танилцаж зарим төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
"Алтай” чуулга нь урын сандаа дэлхийд гайхагдсан Баруун Алтайн уламжлалт ардын язгуур урлаг, соёлын өв, үндэсний урлагийг сэргээн туурвиж хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, хилийн чанадад сурталчлан таниулж улмаар хүн амын оюун санаа, гоо зүйн хэрэгцээг хангахуйц уран бүтээлээр олон нийтэд үйлчилж ирсэн юм.
Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга 1985 оноос өнөөг хүртэл өөрийн гэсэн мэргэжлийн найруулагч, найрал дууны удирдаач, бүжиг дэглээч багш, хөгжмийн удирдаач болон хөгжмийн найруулагчгүй байгаа юм. Тиймээс нэн шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнийг шинээр сургах, одоо ажиллаж байгаа уран бүтээлчдийг давтан сургахад шаардлагатай зардлыг буцалтгүй байдлаар шийдвэрлэх, “Үндэсний бичиг, Алтайн өв соёл” төсөлд дэмжлэг үзүүлэхээр боллоо.
“КОВИД 19” ЦАР ТАХЛЫН УЛМААС ЦАРЦААД БАЙСАН МУЗЕЙН САНХҮҮЖИЛТЭД АНХААРНА
Соёлын сайд Ч.Номин Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ аймгийн музейн удирдлагуудтай уулзаж ховор нандин сан хөмрөгийг үзэж сонирхлоо. Түүнчлэн аймгийн музейн 2021 оны төсөвт тоног төхөөрөмж худалдан авах зардал болох 180 сая төгрөг улсын төсөвт батлагдсан ч Ковид-19 цар тахлын улмаас царцаад байгаа учир уг асуудлыг шийдвэрлүүлэх асуудалд анхаарч ажиллахаа мөн үеэр мэдэгдэв.
Аймгийн музей нь 1947 онд орон нутаг судлах танхим нэртэйгээр 2 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан бол 1967 оноос БНМАУ-ын Соёлын яамны сайдын тушаалаар орон нутаг судлах музей болон өргөжиж одоогийн байдлаар нийт 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Тус музей нь өнөөдрийн байдлаар байгаль, газар зүй, түүх угсаатан, ардын урлаг, хүндэтгэлийн гэсэн 4 танхим, 10 тасагт 1600 гаруй үзмэр дэлгэн, үзэгч үйлчлүүлэгчдийн хүртээл болгож байна.