Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтарна

Соёлын дэд сайд М.Батбаяр “Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл” ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, Соёл гадаад сурталчилгааны хорооны дарга Г.Ганзориг нарыг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд соёлын салбарт эрэлттэй байгаа хүний нөөцийг бүрдүүлэхэд хамтран ажиллах, олон улсад соёлын өв, түүхийн судалгаа шинжилгээ хийж буй судлаачдын бүтээл болон соёл урлаг, кино уран бүтээлийн олон улсын мэдээллийн нэгдсэн сан платформыг бий болгох, бүс нутгийн хөгжлийг дэмжих хүрээнд соёлын болон түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх цогц хөгжлийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Соёлын дэд сайд М.Батбаяр хүүхэд, багачуудад зориулсан “Нүүдлийн соёлын боловсрол” Монголын өв соёл, зан заншлыг сурталчлан, таниулах зорилго бүхий зуны сургалтын хөтөлбөрийг бүх нийтийн соёлын боловсролын арга хэмжээтэй уялдуулан, дэмжин ажиллах боломжтойгоо илэрхийлэв.

Түүнчлэн “Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл” ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцлон тэмдэглэлээ.